
“Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатарын 33 уулзварыг шинэчилж, дөрвөн замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байна. Өнгөрсөн хавраас эхэлсэн энэ төслийн дүнд 6 уулзварыг шинэчлэх ажил бүрэн дууссан. Энэ долоо хоногт Бөхийн өргөө, Тасганы овоо, 10 хороолол, Халдварт буюу Дархан Минжийн уулзвар, Ажилчдын гудамж зэрэг 5 уулзварын зорчих хэсгийг нээнэ гэдгийг өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” арга хэмжээний үеэр Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.
2013 онд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулахдаа “Дорнод аймагт ажиллаад ирсэн. Дорнодын замын ажил хэвийн явж байна. Баянхонгорын замыг энэ сарын 24-нд хүлээж авна. Дорноговийнх дууссан, зам дагуух засварууд хийгдэж байна, ирэх сарын 5-нд хүлээлгэж өгнө. Хөвсгөл, Өмнөговийн замын ажил хангалттай биш байгаа. Тиймээс ажил эхлээгүй 40 км зам тус бүрт шинэ компани оруулна. Компанийг энэ долоо хоногт тодруулна” гэж хэллээ. Техник технологи сайтай, ажлын гүйцэтгэл өндөртэй компанийг шалгаруулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.
14894 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдсан бол 4543 иргэн шинээр зээл авсан гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдэгдээд энэ хөтөлбөр тууштай хэрэгжих тул иргэд судалгаа сайн хийж, сонголтоо зөв хийх хэрэгтэйг зөвлөлөө. Мөн энэ намраас орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ гэлээ.
“Амгалан” дулааны станцийн газар чөлөөлөлтийн ажил дууссан, барилгын хашааг бариад байна. Барилгын ажлыг энэ лхагва гаригт албан ёсоор эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ. Мөн Дулааны цахилгаан станц V” төслийн сонгон шалгаруулалтад хоёр компани шалгарч үлдээд байгаа бөгөөд хэлцэл хийгдэж байна гэсэн мэдээллийг өглөө.
Дараагийн долоо хоногт болох “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр ургац хураалт, ажлын байрны талаар мэдээлэл сонсож ажлын явцтай танилцана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Энэ долоо хоногт 5 уулзварын шинэчлэл дуусна | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.