
“Төрт ёс-Хаадын сан”-гаас зохион явуулсан монгол жанжидын талаар түүхэн зохиолын уралдааны тэргүүн байрын шагналыг зохиолч Б.Ойдовын “Айн Жалудын цавчилдаан” бүтээл хүртсэн байна. Харин дэд байрыг Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын “Өрлөг жанжин”, гутгаар байрыг Төрийн соёрхолт зохиолч Д.Төрбатын “Хар дарсан төр” бүтээл эзлэв. Мөн Соёлын гавъяат зүтгэлтэн С.Пүрэв, зохиолч Ч.Жанчивдорж, С.Батжаргал, Соёлын гавъяат зүтгэлтэн С.Оюун нарын бүтээл тусгай байрын шагнал хүртжээ.
Дашрамд өгүүлэхэд Б.Ойдов нь өмнө нь хэд хэдэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Тодруулбал, 2012 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан “Хаан цадиг” түүхэн зохиолын уралдаанд “Орлой мэргэн Цагаан” бүтээлээрээ дэд байрын шагнал хүртсэн бол 2013 онд тус сангаас зарласан “Хатан цадиг” уралдаанд түүний “Зүүн гарын мөхөл” бүтээл шилдэг зохиолоор шалгарчээ. Мөн 2013 онд УИХ-ын Тамгын газраас зарласан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд түүний “Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн” бүтээл тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Түүнчлэн 2013 оны хавар Гадаад явдлын яамны 100 жилийн ойд зориулсан хөрөг туужийн уралдаанд Б.Ойдовын “Ерээд оны дурдатгал” бүтээл тэргүүн байранд шалгарч байв. Түүний энэ жилийн хамгийн том бүтээл гэвэл “Хурд” хамтлагийн 20 жилийн ойд зориулж “Хурд-20 жил” хэмээх том хэмжээний ном бөгөөд тус хамтлагтай хамтарч хорь гаруй дуу хийжээ. Мөн тэрбээр “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг олон сонирхолтой ном бичсэн бөгөөд эдгээр нь бестселлер болж байжээ.
“Төрт ёс-Хаадын сан”-гийн уралдаанд Б.Ойдовын зохиол гурав дахь удаагаа магнайлав | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.