Шууд Chart

Доголон морь унасан Далай лам...

2015-03-06 13:01:12

Мянга мянган шувуудын хальсан сүнс мэт үүлс нүүж, мянга мянган цагаан зааны хотолсон бие мэт цаглашгүй их Цаст Гималай дүнсийнэ. Соронзонболд хаанаас хойш тийм ч ихээр мандан бадарч, хөгжин цэцэглэж чадаагүй, ерөөс үзэгдэх дүр, харагдах байдлын төгс сайханд үл хууртагдаж, гагцхүү сэтгэлийн дээд тивийг эрэлхийлсэн Түвд орон нам гүм.

Бүргэд үүрээ зассан өндөрт хөх сарлагууд бэлчиж, тэдний заримыг хөлөлсөн уртаас урт жингийн цуваа цай, давс тээсээр уулсыг энгэрлэж явна. Долоодугаар сар аль хэдийнэ гарч хандах зүгт өвс цэцэг дэлгэрч, үндэс ургамал түрсэн байхад Гималайн энэ өндөрлөг нутагт хаврын цас ханзраагүй тул залуу хөвгүүд  сарлагийн савгаар нүдээ боож явна. Алс тэртээ уулсын суганаас хуучин сүмийн хонх сэрүүн салхинд цохигдон дуугарах нь сонсох чихнээ нэн таатай хийгээд, тэнд ном бясалган суух өтөл хуваргын орхимж улам ч хуучрах нь цагийн жам ажгуу.

1935 оны долоодугаар сарын 6-ны энэ өдөр бол хорвоогийн түүхэнд тохиосон ховорхон мөч байжээ. Учир нь энэ л билэгт сайн өдөр Түвдийн зүүн хойд Тагцэрт нутагт орших Амдо хэмээх жижигхэн тосгоны эгэл тариачин гэр бүлд Лхам Дондув хөвгүүн мэлмий гийв ээ. Шинжлэх ухаан хөгжөөгүй, орчин цагийн анагаах ухаан нэвтрээгүй бөглүү, буйд тэр газарт хүмүүнийг угтаж, үдэх нь хуучин янзаараа. Балчир хөвүүний эцэг, эх  жирийн бурхан номд сүсэглэж, хойд насны сайн сайханд зориулж, буян ихээр үйлдэх бусад түвдүүдтэй агаар нэгэн ажгуу.

Хүү замбуу тивийн халуун элгэн дээр гишгэв... Өдөр хоногууд алс холын Монголоос нисч ирэх тогоруун цуваа мэт өнгөрсөөр. 13 дугаар далай лам бурханы оронд одсон болохоор Түвд орон хуучирсаар... Ингэж байтал 1937 он гарч, дэлхий дахин үймэлдэн, коммунизмын хар сүүдэр олон улс, үндэстнийг дарлан, доройтуулж, тэдний шашин шүтлэг, итгэл үнэмшлийг  ор мөргүй болтол нь үгүйсгэж, лам хуваргуудыг  олноор нь алж, устгалаа. 

Гэтэл яг энэ үед  Лхас хот, Потала ордноос зэрэг дэв, эрдэм чадал өндөр лам хуваргууд хүлгийн сайныг унаж, хүний сайныг эрж, алтан шаргал орхимжоо аясын салхинд намируулсаар Тагцэр нутгийн зүг мордсон байжээ. Тэд уул нуруудыг давж, урсгал гол мөрөнг гаталж, хад чулууг гэтэлж, цас мөсийг зүсэн явсаар зорьсон газраа сая нэг ирэв. Чингээд үүр хаяарч байх ахуйд Лхам Дондув хөвгүүний өсч, өндийх боломжийн тариачны гэрт саатаж, түүний эцэг, эх Дикицэрэн хоёрт өргөл барьц, хадаг, самбай бариад  шалгуураа эхлэв. Энэ шалгуур бол хүн төрөлхтний итгэл найдвар байжээ. Дээрхийн гэгээнтэн арван дөрөвдүгээр далай лам Данзанжамцын эрдэнийн цадиг ингэж эхэлсэн байна. Хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах нарийн ёс, жаягийн тухай 14 дүгээр далай лам Данзанжамц “Миний газар нутаг, Миний ард түмэн” номдоо бичихдээ “Хойд төрлөө олсон балчир хүүхдүүд өмнөх төрлийнхөө хэрэглэж байсан эд зүйлсийг сайн мэднэ. Мөн тэд хэн ч заагаагүй байхад шашны ном судраас уншдаг. Харин тэр өдөр миний ярьсан зүйл лам багшид далай ламын хойд дүрийг олсон гэх үндэслэлийг өгчээ” гэж бичсэн байна.

Тэгэвч далай ламын хойд дүрийг тодруулсан эсэх нь балчир хөвүүнийг жинхэнэ утгаар нь сэнтийд залж, олон түмэнд зарлахаас өмнө бол хорвоогийн тайлагдашгүй нууцуудын нэг...

1939 оны аравдугаар сарын тэр нэгэн бүлээн салхитай өдөр Потала ордон гэрэлтэж, улмаар 1940 оны хоёрдугаар сарын 22-нд дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай ламыг дэлхий ертөнцийн бурханы шашны тэргүүний торгон сэнтийд залж, Данзанжамц хэмээх нэрийг хайрлав. Тангудын эзэнт гүрэн даяар баяр хөөрт умбаж, дараагийнхаа амилсан бурханыг тосон авч, шүтэн биширч, хүндэтгэн дээдлэх он тоолол эхэллээ. Тэгэвч далай багш өөрийгөө хэзээ, хэрхэвч эгэл хуваргаас илүүд үзэж байгаагүй юм.

Орчлонг ухаарах, эрдэмд шамдах, бурханы ном сургаалийн гүн рүү нэвтрэх, оюун санааны тэнгис далайн ёроолыг тэмтрэх амьдрал ирлээ. Шалгарсан, номын далай, ухааны уулс болсон Рэнбүүчи нар хожмын их үйлсийн эзэн болох балчир хөвүүнийг сургах ажилд шамдана. Тэд хөвгүүнд сэтгэн бодох, ухааран эргэцүүлэх, энэрч нигүүлсэх, сэтгэлийг задлах, басхүү анагаах, шидийг олох эрдэм, Түвдийн соёл урлаг, эртний санскрит хэл, эмийн ухаан, буддын гүн ухаан, яруу найраг, хөгжим, драммын урлаг, зурхай, илтгэн таниулах урлаг зэргийг нэвтэрхий зааж, турьмаг хөвүүн ч өдөр ирэх тусам хувирч, үг хэл нь цэцэн цэлмэг, үйл хөдлөл нь ухаалаг, оюун санаа нь улмаа саруул болж байв. Тэгэвч амаргүй хувь заяанд төрсөн хүү үдшийн шаргал туяаг үдэн зогсохдоо эх нутгийнхаа зүг ширтэн зогсох нь олонтаа. Потала ордны дээвэр дээр ийн үзэгдэх түүнийг бэлээс харсан мөргөлчин, даяанчин, сүсэгтнүүд газарт сөхрөн мөргөнө.

20 дугаар зуун “эрийн цээнд хүрч”, далай лам 15 насыг үзэв ээ. 1950 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдөр Түвдийн Үндэсний ассамблейн хүсэлтээр улс төрийн бүрэн эрх мэдлийг 14 дүгээр Далай лам Данзанжамцын гарт өглөө. Энэ бол түүний нуруун дээр ачсан хамгийн хүнд ачаа байжээ. Одоо тэр эх орон, газар шороо, ард түмнээ төлөөлж дуугарах,  тэднийг бас өмгөөлөн, хамгаалах үүрэгтэй төрийн тэргүүн хүн болсон. 14 дүгээр далай ламыг мөн хэзээ ч жаргаж үзээгүй улс төрч гэж хэлж болно. Учир нь түүнийг төрийн эрхийг гартаа авах үед Хятадын ардыг чөлөөлөх арми Түвдийн нутагт халдаад эхэлчихсэн байлаа. Нөхцөл байдал түгшүүртэй, итгэл найдвар бүдэгхэн... Чингэж байтал 1951 онд Түвд, Хятадын хэлэлцээр байгуулагдан, улмаар Түвд орон Хятадын бүтэц, бүрэлдэхүүнд багтав. Гэвч далай лам 1950-1959 оны хооронд Хятадын засаг захиргаатай зэрэгцэн орших оролдлогуудыг удаа дараалан хийж байсан юм. Энэ хугацаанд тэрбээр Бүх Хятадын ардын зөвлөлдөх хорооны гишүүн, 1954-1959 онд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын депутат, 1953-1959 онд БНХАУ-ын бүтцэд Түвдийн Автономийн районыг зохион байгуулах хорооны дарга, Хятадын буддистуудын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв. Өнгөц харахад юугаар ч дутаагүй болж бүтэж байгаа юм шиг амьдрал. Харин үнэн хэрэгтээ бол тийм биш...

1950-аад оны дундуур Түвд оронд Хятадыг эсэргүүцсэн бослого дэгдэж, хурцадсаар 1959 он болоход зэвсэгт бослого болж хувиран, цус урсаж, нойтон орхимж ширүүн салхинд нимгэн биеэ дааж ядан дэрвэхдээ нарны наагуур нисч яваа шархадсан шувуу шиг гасалж эхлэв.
Нулимстай зам... агт морьдын туурай хад асганд тачигнаж, хүмүүсийн шивнэлдэх нь шөнийн харанхуйд сонсогдоно. Үе, үе өөдөөс жихүүн жавар үлээж, араас харуусал  дагана. Хадаг шатаж, сүм хийдүүд нуран, судар ном хийсч, хүмүүс уйлалдах чимээ сэтгэл дотор нь цуурайтах далай лам... үнэхээр ямар ч гарцгүй, ямар ч боломжгүй, ямар ч аргагүй болсон далай лам... зүрх нь цээжиндээ базалж, сэтгэл нь тархиндаа өмөрч, нулимс нь нүдэндээ цалгисан далай лам...

Морьд явсаар... 1959 оны гуравдугаар сар...

Төдөлгүй морьд улдаж, доголов. Зам хол, араас нэхэж байж мэдэх тул тэдэнд амарч үдлэх чөлөө даанч үгүй. Доголон морь унасан далай лам...

Морьдыг орхихоос өөр аргагүй боллоо. Үзтэл тэр бүхнийг орхиж байгаа мэт. Эхлээд ард түмнээ, дараа нь эх орноо, одоо хүлэг морьдоо. Гэвч үнэндээ тэр юуг ч эс орхисон чигээрээ хөх сарлагийн нуруун дээр залрав. Уулыг давж, усыг гаталж сурсан энэ буянт амьтан бидний сүсэг бишрэлийн төвийг зорьсон газарт нь мэнд хүргэсэн ажгуу. Ингээд 1959 оны гуравдугаар сарын 17-ны өдөр англичуудын колоныг халаад удаагүй байсан Энэтхэг орны хил дээр дээрхийн гэгээнтэн дагалдагсдын хамт ирлээ. Тэртээ нэгэн цагт бодь модны дор суусан Сидхартаг Будда болгосон бурханы орон Энэтхэг түүнийг халуун дотноор угтан авч, Дарамсала хотод залав. “Би эх оронгүй хүн...” Дээрхийн гэгээтэн  Арвандөрөвдүгээр далай лам Данзанжамц...

Арвандөрөвдүгээр далай лам Данзанжамцын эрдмийн ухаан, номын хүчний тухай өгүүлэн учирлахгүй байхын аргагүй. Тэрээр идэр залуу насандаа Түвдийн гурван том хийдэд судар хэлэлцэж төгсгөлийн шалгалтад манай эриний 541 онд байгуулагдсан эртний хийдэд бүхэл бүтэн 20 мянган лам, хуваргын өмнө буддын гүн ухаанд хэрхэн нэвтэрсэн эсэхээ гэрчилж, хүмүүний сэтгэлийг яахан анагааж болох тухай өгүүлж чадсанаараа бурханы шашны томоохон хэргэм болох гэвш, лхарамба цолыг зүй ёсоор хүртжээ.

Энэтхэгийн Дарамсала хотод дээрхийн гэгээнтнийг дагаж олон мянган Түвдүүд аж төрөх болсон юм. Далай лам тэдний хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэх зорилгоор боловсролын сүлжээг бий болгож, олон арван сургууль нээв. Мөн Түвд иргэдийн асуудлыг хариуцсан засаг, захиргааны бүтцийг зохион байгуулж, Тангудын соёл, иргэншил, ёс заншлыг үргэлжлүүлэн, дэлгэрүүлэх зорилготой Урлагийн институтыг бий болгож, судалгааны төвийг  үүсгэжээ.

Далай багш буддын зарчим, хүний эрхийн түгээмэл тунхагт тулгуурласан ардчилсан Үндсэн хуулийг ирээдүйн эрх чөлөөт Түвдийн загвар болгон тэртээ 1963 онд  зохиосон байна.  Харин энэ хууль чухам хэзээ, хэрхэн яаж Түвдийн ард түмэнд үйлчлэх нь оньсого, таавар...

Энэтхэг орон 14 дүгээр далай лам Данзанжамцад олон зүйлийг бэлэглэсэн юм. Тэдний нэг нь эрх чөлөө. Дээрхийн гэгээнтэн дэлхийн олон орноор айлчилж, шашин, соёл урлаг, улс төр, бизнесийн төлөөлөгч, эрх мэдэлтнүүдтэй уулзаж, дотно холбоо, харилцаа тогтоожээ. Ингэхдээ тэр олон улс даяар бурханы шашны үг сургаалийг айлдаж, үйлийн үр хийгээд түүнээс хэрхэн ангижрах, ертөнцийн амар амгалангийн хутгийг яаж олох тухай мянга мянган хүмүүст сургааль, номлол айлдав аа. “Бурхан гэдэг гагцхүү та бидний сэтгэл дотор бий...”  14 дүгээр далай лам Данзанжамц...

Ази, Европын зарим улс, үндэстнийг торлон, тарчлааж байсан коммунизмын хар тор үжирсэж, хэврэгшсэн 1989 он. Хүн төрөлхтний хамгийн том хүндэтгэл болох Нобелийн энх тайвны шагналыг дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай лам Данзанжамц хүртлээ. Мөн Азийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Хүний эрхийн төлөөх Филипиний Магсейн шагналыг тэр бас гардав. 

Үүнээс хойш тэрбээр АНУ-ын хүмүүнлэгийн салбарт олгодог томоохон хүндэтгэл болох Альберг Швейрцар, Германы Леопольд Лукхмын шагнал зэрэг олон арван өндөр дээд шагналаар энгэрээ мялааж, манай гарагийн хамаг л шилдэг их,  дээд сургуулиудын хүндэт доктор болсноос гадна 1994 онд ОХУ-д айлчилж “Улс түмний найрамдлын одон”-г хүртээд, Төрийн думд үг хэлэв.  Тэр бас Канадын хүндэт иргэн.

Он жил ирсээр, бас буцсаар. Одоо далай багшид дөрвөн зүг найман зовхис шавилж, түүний үг сургааль дор мөргөмүй.
Гэвч дээрхийн гэгээнтний сэтгэл Гималайн өндөрлөг уулсын бэлд Түвдийн ард түмэнтэй хамт оршном... Түвдийн тусгаар тогтнол бол түүний энэ насны мөрөөдөл.

“Би шашны эв нэгдлийг бий болгохын төлөө зүтгэдэг...” Дээрхийн гэгээнтэн Арвандөрөвдүгээр далай лам Данзанжамц...
Арвандөрөвдүгээр далай лам Данзанжамц бээр ихэд хөгжилтэй нэгэн. Цахим мэдээллийн сангуудад түүний христийн шашны нэгэн хамба ламтай уулзахдаа наргиа хийж байгаа, өөр нэг еврей хүний урт сахлын үзүүрийг бариад инээж байгаа, хамрынхаа нүхэнд эмийн сав тогтоочихоод хүүхэд шиг зогсож байгаа гэх мэт зураг олон.

Харин түүний уйлж байгаа зураг хийгээд тэгэх шалтгаан нь тун ч эмгэнэлтэй. Дашрамд өгүүлэхэд, ертөнцийн бурханы шашны тэргүүнд Далай лам хэмээх алдрыг монголчууд хайрласан юм шүү гэдгийг санаж явах нь зүйтэй. Иймийн учир 14 дүгээр далай лам хийгээд түүний өмнөх болон хойчийн дүрүүд Их Монголын хувь заяатай салшгүй холбоотой бөлгөө.

Бидний амьдралын нэн тэргүүний зорилго бол бусдад туслах явдал юм. Хэрвээ чи тэдэнд тусалж чадахгүй бол сэтгэлийг нь бүү шархлуулаарай. Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай лам Данзанжамц...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Доголон морь унасан Далай лам...   
Үзсэн: 7439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2015-03-12 16:39
улдсан адууны туурайнд дах хийдэг хүн байна уу? туслаач
212.234.217.xxx [212.234.217.xxx] 2015-03-06 23:02
saihan niitlel bichsen bna?Bas sain sydalgaatai yneheeriin ynsdag hyn bna!tand bayar hyrgye!ta bid nar jaahanch gesen gegeerehiin telee gegeersen gaihaltai hymyynii telee tednii arga baril sodon soninoos yzej sonsoj baih ni enee chagt chyhal bna!gadaadad hylgai hiisenee id bah bolgon neg ni yarij negee ni yaruulsan medeenyyd ikhe gardag ene bol tolgoi ni hamuursanii sinj hichneen ylas oron doroitoj ene Elbegdorj gedeg hyn myygaar baharhaj baigaa ch saihan yum ene ylsad chini baih yum baigaa ch yum gedegiig zohiolch ta nehed l hosyychlah yostoi syy!!!!zarim sorongiin hylgaich nar sasing yzehgyi yanztai tyynii orond bee mergelch gene yy?ygyi bol enee chagiin tolgoi ni hybhairsan aransindaa heterhii hosyyrsan boltoi!!!iim baij bolohgyi ee!!!yumnii ychir saltgaanii Mongolchyyd bid heterhii sain medej alibaa zyiliig sain myyg ni oldog ardyyd asan daa!!!dyyd bayar hyrgye!
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-03-06 22:01
Далай багшийн 1 гоц чанар нь энгийн. Манай хэдэн мангарууд шиг дарга нэр сонсонгуутаа пээдийдэг шиг биш. Үнэхээр энгийн.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-03-06 18:10
Манай түүхийн салшгүй хэсэг бидний өвөгдийн шүтээн хүндлэхээс өөр аргагүй бурхан хүн дээ
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-03-06 16:53
Dalai. lamtai. uulzax. er@@l. tabiya
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-03-06 13:43
yaltan Enh bayaraas l deer dee?

Бидэнтэй нэгдээрэй