Шууд Chart

Өмнөговь аймаг тэмээн сүргээрээ дэлхийд танигдана

2015-03-09 16:16:24

Тэмээн сүргээрээ Монголдоо тэргүүлдэг Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Тэмээний баяр-2015” болж өндөрлөлөө. Хос зогдорт үүлдрийн тэмээгээрээ Монголдоо алдаршсан Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагдсан энэхүү баярт Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчид оролцсон юм. Тэмээний баяр нийт найман төрлөөр хоёр өдрийн турш зохион байгуулагдаж ялагчдаа тодруулсан. Тодруулбал, тэмээн сүргийн сүр жавхааг харуулсан баярын парад болж, гурван насны буюу ат, тайлаг, тором тэмээний уралдаан болов. Нийт 150 орчим тэмээ уралджээ. Тэмээн полонд гурван аймгийн 11 баг оролцож, нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Г.Энхбаатар ахлагчтай "Өгөөмөр" багийнхан түрүүлсэн юм.  Түүнчлэн гоё тэмээтэй сайхан хос тэмцээнд дөрвөн сумын долоон хос оролцсоноос нэгдүгээр байрт Булган сумын Дал багийн Э.Азхүү, Д.Мядагсүрэн нар сайхан хосоор шалгарлаа.

“Тэмээний баяр-2015” Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, томоохон эвент болж чаджээ. Тэр утгаараа энэ жилийн баярыг гадны 70 гаруй жуулчин дотоодын 400 гаруй хүн ирж сонирхсон бол мөн дэлхийн дөрвөн том телевиз сурвалжилсан байна. Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг энэхүү баярын гол зорилго нь говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин Монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулахад оршиж байгаа юм. Тиймдээ ч уг арга хэмжээг Өмнөговь аймгийн Булган сумын ЗДТГ, “Тэмээ хамгаалах сан”, “Тэмээн соёл, уяачдын холбоо”, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв хамтран 18 дахь жилдээ амжилттай  зохион байгуулсан юм. “Тэмээний баяр -2015” баярыг үзэж сонирхсон Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Монголын залуус Монголоо алдаж байгаа нь саяхны нэгэн жишээнээс харагдаж байна. Цагаан сараар хөдөө айлд зочилсон нэгэн охин өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хөдөө айлд ирсэн чинь дөнгөж төрсөн хөөрхөн ботго байна” гээд тугалтай авахуулсан зургаа хийсэн нь л үүнийг баталж харуулж байгаа хэрэг боллоо. Иймд залуу хойч үедээ, залуустаа таван хошуу малаа таниулах, сурталчлах үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Цаашид уг баярт залуус түлхүү оролцож, тэмээн соёлтой танилцана гэдэгт итгэж байна. Мөн Өмнөговь аймаг дэлхийд уул уурхайгаар танигдсан шигээ тэмээн сүргээрээ танигдах цаг ойрхон байна” гэдгийг хэлж байв. Мөн тэрээр сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй залуусын үйл хэргийг үнэлж Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний Залуу Малчин”, “Тэргүүний Залуу” медалиар Булган сумын залуусыг шагнаж урамшууллаа.


Өмнөговь аймаг тэмээн сүргээрээ дэлхийд танигдана  
Үзсэн: 2425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-03-09 21:04
мал бааз
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-09 16:46
сонгууль дөхөөд нөгөө тэнэг шлу нь эхэлчихэж. тэгээд танигдахгүй үхсэнээ өдий болтол бафйсан юм битгий элбэгдорж шиг шоуддаа мангаруудаа

Бидэнтэй нэгдээрэй