Шууд Chart

“Согтуугийн ертөнц”-өөс сохор, доголон болоод ч хамаагүй ирээсэй гэж ижий минь намайг хүлээнэ

2015-03-26 10:12:59

“Ээждээ бичсэн захидал” Улсын долоодугаар уралдааны "Тусгай байр"-т шалгарсан захидал

Монгол гэрийн баруун хойд хойморт архичин хүүгийнх нь хорвоо багтлаа гэж үү дээ ээж ээ. Унтаа сэрүүн цагт ханат гэрийнхээ баруун талд үүр цүүр цайхыг хүлээн хажуулдах эжий минь та. Зүүд зүүрмэглэх хоёр холилдсон дотоод шаналалдаа “Согтуугийн ертөнц”-өөс сохор, доголон болоод ч хамаагүй ирээсэй гэж ижий минь намайг хүлээнэ.

Ганц хүүгийнх нь ижийдээ наасан зовлон асар их. Эх хүний зовлон ихдэхээрээ нулимс болон гадагшилдаг. Дээгүүрээ давхарлан хөл дээгүүрээ хаясан энэ нимгэн тэрлэгний хормойд нулимстай гараа мөн ч шувтарсан даа. Ээж ээ, хүү нь таниасаа “Сайн байна уу” гэж асууж зүрхлэхгүй нь. Хүү нь таныгаа надаас урт наслаарай гэж хүсэн ерөөж байна.

Ертөнцийн гэрэл гэгээ хав харанхуйтай сүлэлдэхэд үхлээс намайг харамлан урсах таны нулимс үлдээгүй байх вий гэхээс би айдаг. Ээж ээ, хүү нь үхлээс айхгүй. Харин эхийгээ энэ дэлхийгээс явахыг үзэх вий гэхээс айж байна. Тандаа уучлаарай гэж хэлэхээс ичиж байна. Миний түлэгдэж урагдаж шатдаггүй улаан хоолой ханаж цаддаггүй ховдог сэтгэл, шунал минь дийлээд дутуугаа гүйцээх гээд тал шил юм өвөртлөөд гэрийнхээ баруун хойд хойморт сэрүүн хэвтэж байна. Хүү нь бас ийн бодлоо.

Ихэнхдээ бүтэн байдаг ч намайг ууж идэхээрээ тал болчихдог олон жилийн түүхтэй надаас урт настай эрээвэр хураавар авдар дээр байгаа өргөлийн архийг чинь урд шөнө ууя гэж бодоод өвөртөө оруулаад хөнжлөөрөө хучсан байсан юм. Олон жил илжирсэн гэрийн модон шалан дээгүүр тог тог тог хийн өсгийтэй гуталтай болор даашинзтай бүсгүй амсраараа асгаран уйлсаар таны орон доогуур өнхрөөд орчихсон юм. Монгол гэрийн шал хүртэл шалны доорх элсний ширхэг хүртэл эхийн минь зовлонг дааж чадахгүй цуурч, хагарч таны минь тал руу гэр хазайжээ ээж ээ.

Эх, үр хоёрын жам хэлтгий заяадаггүй юм. Ээжийн минь надад өгсөн хүн заяаг би архинд живүүлжээ. Эх хүний үрээ гэсэн сэтгэл л намайг өөрөө өөрийгөө татан гаргахад эхийн минь сэтгэл архийг нулимс гэдгийг ойлгууллаа. Би архичин ч арай эхийнхээ нулимсыг гудрах болоогүй. Ижий минь, ижий минь та минь үртэй хүн шүү. Ижийтэй хүн үхэж болдоггүй юм. Харин архийг уухгүй байж болдог юм. Би чаднаа ээж ээ.

Захидал бичсэн хүү Т.Дөлгөөн


“Согтуугийн ертөнц”-өөс сохор, доголон болоод ч хамаагүй ирээсэй гэж ижий минь намайг хүлээнэ  
Үзсэн: 3698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-26 14:12
tegeed ene chigtee uhaaraasai bilee dee
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2015-03-26 12:29
Их л бодууштай зүйл бичжээ. Архинаас болж амьдралаа сүйрүүлж байгаа олон хүн байна даа.

Бидэнтэй нэгдээрэй