
Байранд орох хүсэлтэй, байртай болчихвол зээлээ яаж ийгээд хугацаанд нь төлөх эрмэлзэлтэй олон залуучуудын байр суурийг Монголын Залуучуудын холбоо саяхан болсон тавдугаар Их хурлаараа баталсан. Тодруулбал, Орон сууцны дэмжлэгийн санг хоёр их наяд төгрөгийн хэмжээтэй байгуулах, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 10 хувь болгох санаачилгаа Засгийн газарт уламжилсан юм. Энэ мэдээллийг түгмэгц олон хүн “Яаж” гэж ам асууж байв.
Хийх хүнд сэтгэл байхад арга нь олддог. Засгийн газар долоо хоногийн дотор шийдэл олж, орон сууцны зээлийн явцыг сайжруулахаар хичээж эхэллээ. Өчигдөр “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, БХБ-ын сайд Д.Цогтбаатар нартай уг асуудлыг хөндөн үүрэг өглөө. Тэрээр “Засгийн газрын бондын эх үүсвэрээр Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлээд, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлье” гэсэн юм. Орон сууцны зээллэг нь 20 жил хүртэл урт хугацаанд үргэлжилдэг учраас 240 сарын турш зээлдэгч иргэн мөнгө тушааж, харьцангуй баталгаатай тогтолцоо бүрдэх юм.
Ийнхүү тогтолцооны баталгааг хангаснаар орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь руу буулгах боломжтой. Энэ бол МЗХ-ны тавдугаар Их хурлаас гарсан тогтоолын чухал заалтуудын нэг юм.
Юутай ч тус холбоог удирдаж байсан хүний хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг залуучуудын гаргасан санаачилгыг шүүрэн авч, ажил хэрэг болгосонд талархах нь зүйтэй. Цааш цаашдаа шат шатны ажил үргэлжилсээр нэг л мэдэхэд Орон сууцны дэмжлэгийн сан хоёр их наяд төгрөгийн хэмжээтэй байгуулагдана. Түүхэнд ихэнхдээ л нэг сумаар хоёр туулай буудсан байдаг бол Засгийн газрын тэргүүн энэ удаа нэг сумаар гурван туулайтай болох нь. Нэгдүгээрт, Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлнэ. Хоёрдугаарт, удааширч буй орон сууцны санхүүжилтийн тогтолцоогоо идэвхжүүлнэ. Гуравт, залуучуудыг дэмждэг гэдгээ батлан харууллаа.
МЗХ-ны санаачлагыг Ерөнхий сайд ажил хэрэг болгожээ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.