Шууд Chart

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэв

2015-04-22 16:01:03

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө, аж ахуйн яам хамтран өнөөдөр “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол Улс 113 сая га бэлчээр нутагтай, харин малын тоо толгойн хувьд хонин толгойд шилжүүлэн тооцвол нийтдээ 74.6 сая гэсэн тооцоо бий. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэдэг судалгаа гаргасан байгаа юм. Тиймээс малчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан, ажиллуулж байгаа ажээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон салбарын мэргэжилтэн, судлаач, иргэдийн төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл оролцож байгааг онцлоод “Бид бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар ажиллахдаа малчидтай уулзаж, санал бодлыг сонссон, мөн яам, холбогдох төрийн байгууллагууд болон ТББ-уудтай хамтран ажилласан. Архангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн олон суманд ажиллан үүсээд байгаа бэрхшээлийг тодруулж, малчид энэ асуудалд ямар байр суурьтай байгаа, хэрхэн зохицуулах боломж байгааг судалсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд шат, шатандаа хийсэн ажлуудынхаа үр дүнг нэгтгэх юм” хэмээн хэлсэн юм.
 
Одоогийн байдлаар Монгол Улсын нийт мал хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 74.6 сая байгаа нь бэлчээрийн даацад тохирч байгаа ч малын төрөл хоорондын харьцаа сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Цаашид үхрийн тоо толгойг нэмэгдүүлж, ямаан сүргийн тоо толгойг бууруулах нь бэлчээрийн зохистой ашиглалтад эерэг нөлөө үзүүлэх аж. Нийт 21 аймгийн хэмжээнд 100 га-д оногдох малын тоо толгой хонин толгойд шилжүүлсэн дүнгээр Орхон аймаг 646, Улаанбаатар 412, Дархан-Уул аймаг 338 байгаа бол Өмнөговь аймаг 23, Говь-Алтай аймаг 37 байгаа аж.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төрөөс бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улсын төсвөөс шинэ худаг гарган, хайгуул хийн, хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, гадаад орон, олон улсын байгууллагаас энэ чиглэлийн менежмент сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Мөн бэлчээрийн харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж байна.
 
Хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултдаа илтгэгчдээс хариулт авч, харилцан санал солилцов. Энэ үеэр уламжлалт мал аж ахуйн хэлбэр, зохицуулалтыг өөрчлөхгүйгээр, шаардлагатай гэж үзвэл түүнд тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг нийт малчдын саналыг тусгасан байдлаар хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлэлцүүлэгт оролцсон малчдын төлөөлөл гаргаж байлаа.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэв  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй