Шууд Chart

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл гаргалаа

2015-05-20 12:54:32

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээний талаар мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдлийг УИХ -ын гишүүн, “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар сэтгүүлчдэд танилцуулсан юм. Таван толгойн асуудлаар гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН
БҮЛГЭЭС ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ,
ХОЛБОГДОХ ГЭРЭЭНИЙ ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР
ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

 

2015 оны 05 сарын 19 өдөр                                                                                                              Улаанбаатар хот. Төрийн ордон

Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнтэй холбогдох гэрээнүүдийн төслийн талаар МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн Удирдах зөвлөлөөс УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэгт өгсөн чиглэлийг бүлгийн хурлаар авч хэлэлцээд УИХ дахь “ШударгаЁс” эвслийн бүлэг дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

  1. Таван толгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байна. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа УИХ-ын 2012 оны сонгуульд “Шударга Ёс” эвслээс дэвшүүлсэн “Монголоо аврах Таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн 40-д заасан “Таван толгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах нэгэн чухал үндэс суурийг бүрдүүлнэ.” гэсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахын төлөө бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байна.
  2. Монгол Улсын Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, холбогдох гэрээнүүдийн төслийг УИХ-д 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн ч Улсын Их Хуралаар асуудал хэлэлцэгдэхгүй хойшлогдсоор байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, тохиролцоон болж болзошгүй гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж байна. Таван толгойн гэрээний асуудал нь цөөн хэдэн хүний хүрээнд тохиролцох асуудал биш бөгөөд хэрвээ ийм асуудал өрнөж байгаа бол энэ нь Монгол төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болно. Иймд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс Таван толгойн гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг хурдавчилхыг, олон түмнийг талцуулахгүй байхыг уриалж байна.
  3. Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбогдох гэрээ, хэлэлцээрийг Монгол Улсын төрийн бодлого, хууль, тогтоомжид бүрнээ нийцүүлэн Монгол Улс болон хөрөнгө оруулагч талд харилцан ашигтай, Монголын ард түмэнд үр өгөөжтэй байх зарчмыг баримталсан гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

 

УИХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС”

ЭВСЛИЙН БҮЛЭГ


УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй