
Аагим зуны халуун нар цонон шатаасаар байх авч дотоод ертөнцийн энгээр идэр гурван есийн жавар мэт нэг л хуйсагнуур хүйтэн өдрүүд үргэлжилж сэтгэл зүрх хайран итгэлийн багана ганхаж эхлэхэд би нэгэн цэцгийг санадаг. Тэгээд би, билэгтэй оюунтай хүн байж ургахын тулд элдэв бэрхшээл, хүйтэн сэрүүн, жавар хүүргийг сөрөөд үзэсгэлэнтэй сайхнаар дэлгэрэн цогцлох цэцэгнээс дор байхдаа яахав дээ гэж өөрийгөө зоригжуулдаг юм.
Өөрийгөө хурцлан зоригжуулахын үндэс болсон тэр цэцгийг санахаараа би бас Мөнгөнөө гэдэг онигор мөртлөө уртлаг зууван нүдтэй, бүрэг ноомой нэгэн бүсгүйг эрхгүй дурсдаг юм. Бөлөн цөлөнтэй энэ амьдралд үе үе хөндлөнгөөс тас дайран орж ирээд, дурсамжийн цэнхэр пансыг сэтгэлд намиулан байх нэгэн сайхан цэцэг, нэгэн энгийн бүсгүйн тухай ам хагалюу.
***
Дөнгөж л өвлийн эхэн сар гарч байгаа боловч их хүйтэн жил болох төлөвтэй байлаа. Өлөн цагаан болж хатсан өвсний үзүүр оройгоор цан хүүрэг татан бамбарлаад адуу мал тайван идээшлэхээсээ уруугаа харан хошуурч зогсох нь элбэг үзэгдэнэ. Үе үе салхи сүүгэн жаварласан нэгэн өдөр харзлан урссан Цагаан булгийн эхэнд анх түүнтэй таарч билээ. Унаж яваа буган халтар амтай хээр мориных нь зүс буурал юм шиг хүүрэгтэн цантаад, амьсгалах тоолонгоор нь бүрээдэх хамрынх нь нүхээр уур бургин угалзрах аж. Тэр том том дугуй ланзан хээт хүрэн гадартай нарийн хурган дээлийнхээ хормойгоор өвдгөө тумбалайдан ёмбогор хийцтэй зургаан цагаантай эмээл дээрээ хазгайдуухан суугаад инээмсэглэнэ.
Дөрвөн талтай булган малгайг хэлтгийдүүхэн тавьсан нь яльгүй өргөн дугуй бор царай, уртлаг зууван нүд, зузаандуу уруулд тодрох инээмсэглэл, хасын цагаан шүд зэргийг улам чиг жавхаалаг хөөрхөн болгож харагдуулна. Мэнд мэдэнгээ мориноос тов хийтэл цэмцгэрхэн буугаад морио амгайвчлан услах түүнийг би бараг л нэвт шувт харсан гэж болно. Уг нь бол манай нутгийн байдаг л нэг бүсгүйчүүдээс илүү гараад байх, мөрт үзэсгэлэн гэхээр юмгүй мөртлөө яагаад ингэж бүх юм нь, өмсөж зүүсэн хувцас хунар, малгай толгой, бүүр унаж яваа морь, эмээл хазаар нь хүртэл ингэтлээ донж маягаараа таардаг байна аа гэж бодож билээ. Хувцас бурхан, бие чөтгөр гэж аргагүй л үнэн юм даа. Үүний энэ унаж яваа морь, тохсон эмээл, өмссөн хувцас сэлтийг нь манай нутгийн хамгийн царай муутай Нүрзээгийн Тамжидад өмсгөчих юм бол ургаад л ирнэ дээ гэх саваагүй бодолдоо ээрэгдэнгээ би хариу мэнд мэдлээ.
Би морио усалж дуусаад булгийн хажуугийн дов сандайлан түрийгээ суйлж гаанс тамхиа гарган ирлээ. Тэр миний хажууд ирж хормойгоо хумин суухдаа юмтай айлын эд мэддэг хүний харцаар гаансыг минь сонжино. Залуу сайн морь, хоёр ботготой ингээр үнэ харамгүй авсан төө илүү цагаан гаанс маань түүний нүдийг булаав бололтой. “Цагаан гэж хэлж болохоор л эд байна даа” гэлээ. Би “Юу?” гэж мэдэн будилахад тэр тас тас инээснээ “Таны гаансаа... хэн хүний нүд тогтохгүй байхын аргагүй сайхан эд юм” гэлээ. Тэгснээ миний унаж яваа шашир дэлтэй хул халзан морийг минь нүдээ сүүмийлгэж ирээд л харж харж “Аргагүй сайхан ажнай юм. Танай унаган морь уу” гэж асуув.
Эрээгүй ч юм шиг, эд хөрөнгөнд шунамхайрангуй ч юм шиг залуу бүсгүйгээр яагаад ч юм би жаахан даапаалж тогломоор санагдаад “Үгүй ээ, Хэнтий, Галшар, Хэрлэн цагаан талбай чигийн, хурд хүлгийн удамтай, Хумбага Очирын унаган адуу даа, айлын гадаа бууж уячихаад гэрээд нь алхаж байхдаа заавал нэг эргэж хармаар санагдаад байдаг тийм л чамин хийц, хээнцэр ганган нь дэндсэн буян байгаа юм даа” гэлээ. Сүрхий үг олоод хэлчихсэндээ бяцхан омогшиж цээжээ ганхуулан ханхалзангаа тамхиа сорох намайг шоолонгуй аясаар жин жин инээх тэр Цагаан булгийн эхээр нутагтай, улаан хэнхдэг Бандийн охин гэнэ. Нэр нь Мөнгөнөө.
***
Эрэг хөвөөгөө мөсөөр бамбарцаглаад уур савсуулан харзлах Цагаан булгийн яг голд тунгалаг усан дотор ишэн дээрээ дөллөн ургасан цэцэг хэлбэртэй цагаан ягаан зүйл түрүүнээс хойш миний гайхшийг бараад байсан билээ. Тохой хэртэй өндөр ишэн дээрээ зангидсан гарын чинээ цомойн харагдах түүнийг би хуруугаараа заагаад “Тэр юу вэ? нутгийн хүн чи л сайн мэднэ дээ” гэж асуухад. Мөнгөнөө “Аль тэр булгийн голд байгаа гурван өндөр үү... аан тэр бол миний бие сэтгэлийн тал байгаа юм” гээд санаа алдлаа. “Нээрээ юу юм бэ цэцэг шиг юм. Сонин юм тээ” гэхэд тэр онигор бор нүдээрээ цоргих мэт ширтсэнээ “Тэр бол цэцэг. Өвлөөр ургадаг цор ганцхан цэцэг. Одоо ингээд ес эхлээд хүйтрэх тусам улам гоё болж өнгө өнгөөр солонгорон бүүр дэлбээгээ дэлгээд хачин үзэсгэлэнтэй болдог юм.
Түүний энгүй үзэсгэлэн, ихэмсэг ганган байдлаас нь сүрдээд хүн байтугай мал, амьтан хүртэл хөндөж зүрхэлдэггүй юм даа. Тулгын гурван чулуу шиг чандмалж ургасан энэ гурван цэцэг бие биенээ баясган, бие биенээ хөгжөөж бие биенээ нөхцөлдүүлж ургахдаа намайг ч бас аз жаргалтай болгодог юм. Тиймээс л би, миний бие сэтгэлийн тал гэж байхгүй юу” гэлээ. Би өөрийн эрхгүй дуун алдаж “Цэцэг гэж үү. Гайхалтай, ингэж өвлөөр ургадаг цэцэг гэж бас байдаг аа. Энэ тэгээд идэр есийн тэр их хүйтэнд тас хөлдчихөнө гэж байхгүй юу” гэхэд Мөнгөнөө “Жавар тачигнаж хүйтрэх тусам улам тунсаг, улам хээнцэр болж бүүр цоморлиг дэлбээгээ дэлгэн ургадаг юм.
Энэ гурван цэцэг бол надад өөрөө өөртөө итгэлтэй байхыг, амьдралд тохиосон элдэв бэрхшээл, зовлонг даван дуулах хатан зоригтой байхыг үлгэрлэн сургадаг багш минь, анд минь, бас бие сэтгэлийн минь нэгэн тал нь байгаа юм” гэж хэлээд энэрэл гэрэлтсэн усгал зөөлөн харцаар мартахын аргагүй мэлтэртэл харлаа. Намайг түүний, онигор мөртлөө уртлаг зууван нүднийх нь тийм гэхийн тэмдэггүй энэрлийн тунараанд автангуйрч байх хооронд тэр хэдийнээ мориндоо мордоод цааш эргэж байв. Үснийх нь сор хөнгөн хүүрэгтсэн буган хээр мориндоо мордоод баруун урагш хандаж байгаа Мөнгөнөөгийн хойноос би “Хөөе, тэгээд энэ цэцгийн нэрийг нь юу гэдэг юм бэ” гэж хашгиран асуулаа. Тэрээр буган хээрийгээ хөндүүлсэн нэг эргэж харчихаад цааш хөдлөхдөө “Усан хайлан цэцэг гэдэг юм аа” гэж тод дуулдахаар хэлчихээд морио давиран давхиулж одлоо.
***
Тиймээ, харзлан мэлтэлзэх тунгалаг булгийн усан дунд төв эрхэмсэг орших тэр холбоо гурван цэцгийг хараад би өөрийн эрхгүй бишрэн хүндлэх сэтгэл төрж дотоод ертөнцөөс минь нэгэн их бардамнал, нэгэн их эр зориг цээжний гадагшаа үерлээд ирэх шиг болж билээ. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл би, хахир өвлийн жаврыг сөрж, үзэмжээр халиган, жаргалаар цалгиж дэвжин ургахын гайхамшгийг үзүүлдэг “усан хайлан” хэмээх тэр ховор нандин цэцгийн тэвчээр хатуужлаар өөрийгөө ташуурдан ташуурдан зоригжих болсон билээ.
Хүний л хорвоо юм болохоор болох болохгүйтэй амьдрал үргэлжилсээр л байна. Цацаа цамнаатай энэ амьдарлын бусгаа займраанд үе үе зогтусах өдөр дайралдах болгонд би нэгэн цэцгийг санадаг. Тэгээд би, билэгтэй оюунтай хүн байж ургахын тулд элдэв бэрхшээл, хүйтэн сэрүүн, жавар хүүргийг сөрөөд үзэсгэлэнтэй сайхнаар дэлгэрэн цогцлох цэцэгнээс дор байхдаа яахав дээ гэж өөрийгөө зоригжуулдаг юм. Өөрийгөө хурцлан зоригжуулахын үндэс болсон тэр цэцгийг санахаараа би бас Мөнгөнөө гэдэг онигор мөртлөө уртлаг зууван нүдтэй, бүрэг ноомой нэгэн бүсгүйг эрхгүй дурсдаг юм.
Бөлөн цөлөнтэй энэ амьдралд үе үе хөндлөнгөөс тас дайран орж ирээд, дурсамжийн цэнхэр пансыг сэтгэлд намиулан байх нэгэн сайхан цэцгийн тухай ам хагалахад ийм буюу. Тийм ээ, тэр цэцгийг амгалан эрхэмсэгийн үнэн сүмбэр болсон алдарт хайрхан Сэгс цагаан богдын энгэр дэх Цагаан булгийг тойрон нутагладаг хүмүүс “Усан хайлан цэцэг” гэж нэрлэдэг юм билээ. Хайлан эрдэнийн их шид увдисаар хахир хатууг зөөллөн гийгүүлээд даван гэтлэгч омог бардам, зоригт үзэсгэлэнгийн дээд болсон Усан хайлан цэцэг тэрбээр. Зүүд мэт амьдралын энэхэн их харгуйд зүрх зоригийг минь үргэлж хурцалсаар байх авай. Аяа, Усан хайлан цэцэгхэн минь ээ.
2015.06.01
Усан хайлан цэцэг | ||
Үзсэн: 4285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.