Шууд Chart

“Стокгольм” хотод суугаа Монголчууд наадмаа өргөн дэлгэр тэмдэглэжээ

2015-07-11 07:27:30

Швед улсын Стокгольм хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд маань наадмаа тэмдэглэжээ. Энэ жилийн наадамд Монгол улсын мэргэнээс эхлэн суралцагч хүртэлээ маш өргөн хүрээг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй наадсан байна. Шагайн харвааг багийн харваа болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр оноч мэргэнээ үзжээ.

Багийн төрөлд нэгдүгээр байрт:

Пүрэв ахлагчтай “Дундговь” баг түрүүлж

Гансүх ахлагчтай “Мэргэн” баг

Батзориг ахлагчтай “Уухай” баг удаалсан байна.

Харин ганцаарчилсан цуваа харвааны төрөлд Г. Отгонбол, Г. Энхбаяр, Монгол улсын харишгүй мэргэн Г. Мянганбаяр нар бусдыгаа манлайлжээ.

 

Мөн үндэсний бөхийн төрөлд хүүхдийн барилдаан нэмэгдэж орсоноороо ихээхэн онцлогтой болсон бөгөөд аавынхаа итгэл, ээжийнхээ бахархал дундуур хүүхдүүд дэвэн дэвэн гарч ирсэн нь наадамчин олны сэтгэл баясган, энэ жилийн наадам улам ч өнгөтэй байхын нэгэн шалтгаан байлаа. Түүнчлэн хүүхдийн барилдааны 13-16 буюу өсвөр насны ангилалд:  Мөнхтулга түрүүлж, Мөнгөншагай үзүүрлэн, Ганцоож, Гантулга нар шөвгөрчээ.

Харин 8-12 буюу бага насны ангилалд 1 Намсрай түрүүлж 2 Мөнгөншагай үзүүрлэн, 3 Улсболд, Содхүү нар шөвгөрч ийнхүү удамт монгол бөхийн залгамж халаа урган урган өндийж буйг харуулсан сайхан наадам боллоо.

Ундарсан их ажлынхаа чөлөөгөөр наадмын бэлтгэлээ хэдийнэ хангасан эртэй бяртай бөхчүүд баруун зүүнээ магнайлан гарч, баяр наадмын дэвжээг хотойтол дэвэн аймаг сумын цолтой 40-н бөх уран мэхийг уралдуулан тийнхүү барилдсанаас Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын харьяат, сумын заан Дамба бусдыгаа манлайлан түрүүлж, мөн Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын харьяат, аймгийн начин Отгонбаатар үзүүрлэлээ. Монгол наадмын үндэсний бөхийн барилдаанд уран сайхан барилдаан гаргаж хурсан олны уухайн дуу, уулга алдалтаар мялаалгасан “Уран барилдааны шагнал”-ыг Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батхуяг хүртлээ гэж Стокгольм хотоос мэдээллээ.

Нийтэлсэн: Р.Слава

“Стокгольм” хотод суугаа Монголчууд наадмаа өргөн дэлгэр тэмдэглэжээ  
Үзсэн: 1879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй