Шууд Chart

Д.Хадбаатар: Уяа сойлго, унасан хүүхэд, уяач гурвын овоо хараа таарч гэмээнэ түрүү хүртдэг дээ

2015-07-11 18:31:07

Төрийн их баяр наадмын өндөр дэнж Хүй долоон худагт уясан морио гарааны зурхайруу хөдөлгөчихөөд харжээ суугаа олон уяачид байлаа. Энэ дунд Нийслэлийн алдарт уяач Д.Хадбаатар зогсож харагдсан юм. Ахмад уяачтай уулзаж, уяа сойлгынх нь талаар тодрууллаа. Тэрээр энэ жилийн азарган насны айргийн хоёр ч хурдан буянг зөв таасан билээ.


-Сайхан наадаж байна уу, хурдан их насны морио гаргаж байгааг харлаа. Энэ жил хэдэн нас уяж байна?

-Сайхаан, сайхан наадаж байна. Энэ жил төрийнхөө их баяр наадамд их нас, соёолон морьдоо сойж байна. Сая их насны морьдоо уралдууллаа.

-Улсын наадмаас түрүү, айраг гуравыг авч, төрийн их баяр наадмын өндөр босгоор алхаж байсан хүн. Анхны түрүүгээ авч байсан үеэ дурсаж ярьвал...?

-Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор анх удаа төрийн их баяр наадамд уясан хүлгээ түрүүллүүлж байлаа. 67, 71 жилийн ойгоор морьдоо айрагдуулж, одоог хүртэл бүсийн наадмуудаас хэд хэдэн түрүү айраг авч байна даа. 71 жилийн ойгоор миний хонгор халзан морь айргийн тавд хурдалж байлаа. Улсын наадамд анх морь түрүүлүүлсэн жилээ дурсахад, Сүхбаатар аймгаас тэр жилийн хавар нь эмнэг шахуу халзан үрээ авж ирж, сургаж уралдаад түрүүлж байсан юм. 30-аад жил хурдан морины сүүл боож явна даа.  Уяа сойлго, унасан хүүхэд, уяач гурвын овоо хараа таарч гэмээнэ л түрүү, айраг хүртдэг дээ.

-Энэ жилийн байгаль цаг уурын онцлогт хэрхэн тохируулж морио уяв?

-Би ч нэлээн хэд хоног уялаа. Морьд маань цаг хугацааны хувьд урт уяанд орсон. Гантай гачигтай цагт морийг сайн л уяа сойлгы нь тохируулахгүй бол болдоггүй л дээ. Морьдоо гаргаад харж байхад жаахан “давсан” болов уу гэж ажиглагдлаа. Гэхдээ гайгүй бий. Тамир хүчий нь хадгалах гэж л их хичээж ажилласан даа.

-Гацууртын уяачдын талаар, танай галынхан энэ жил хэр амжилттай наадна гэж бодож байна?

-Нийслэлийн Морин спорт уяачдын холбоо гэж бий. Тэдэнтэйгээ нэг гал болж, морьдынхоо уяа сойлгыг тааруулсан. Манай галынхан амжилттай  сайхан наадаж байна. Өчигдөр галын зарим уяачид Төв аймгийн баяр наадамд хурдан хүлгүүдээ сойлоо. Сайн сайн давхиж байгаа хурдан адуунууд манай галд байна. Соёолон насанд н.Оюунбаярын алаг  үрээ 160 гаруй соёолонгоос айргийн дөрөвт хурдаллаа. 150 гаруй Хязаалангийн уралдаанд н.Ганбаатарын хүрэн үрээ 20 гарч давхилаа.

Энд авч ирсэн морьдоо харж л сууна. Наадам дууссан хойно л нэг хариу гарна даа. Ер нь манай Гацуурт нэг үе их хурдтай байлаа. Улсын наадмын 30 медалийн долоог нь авч байсан. Харин дунд үедээ жаахан тасалдсан. Гэвч сүүлийн жилүүдэд манай залуу уяачид цахиур хагалж, улсад морьдоо айрагдуулсаар байна. Миний бие уяачиддаа зөвлөх төдий л ажилтай хүн.

-За баярлалаа. Уяа сойлго тань тэгш, унасан хүүхэд нь сэргэлэн байг.

Баярлалаа. Хотол түмэн минь сайхан наадаарай.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Д.Хадбаатар: Уяа сойлго, унасан хүүхэд, уяач гурвын овоо хараа таарч гэмээнэ түрүү хүртдэг дээ  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй