Шууд Chart

Тоёота корпораци Монгол Улсын Арслан Э.Оюунболдод Ланд Крузер-200 автомашин бэлэглэлээ

2015-07-13 13:43:51

Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж буй Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардуулах ёслолын ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх,  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота корпорацийн Зүүн хойд Азийн асуудал хариуцсан удирдлагууд болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 давж түрүүлсэн Хэнтий аймгийн харъяат Хангарьд Спорт клуб, Их засаг их сургуулийн тамирчин Э.Оюунболдод Тоёота корпорацийн 2015 оны шинэ загвар Тоёота Ланд Крузер-200 автомашиныг бэлэглэлээ.

Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Энэ жилийн баяр наадам сайхан боллоо. Ард түмний маань сэтгэгдэл ч сайхан байгаад баяртай байна. Нийслэлтэй хамтран ажилладаг Тоёота корпораци Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд өөрийн шинэ загварын автомашиныг бэлэглэж байгаад нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс  талархаж байгаагаа илэрхийлье. Энэ нь манай тамирчдад урам зориг өгсөн үйл явдал болж байна. Э.Оюунболдынхоо гэр бүл, найз нөхөд, нутгийн зон олонд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аварга болоорой” хэмээлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “1963 оны Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Даяар Дуурсагдах Дархан аварга Ж.Мөнхбат 22 насандаа түрүүлж олон түмнээ баясгаж байжээ. Харин 53 жилийн дараа Э.Оюунболд маань энэ түүхэн амжилтыг давтаж түрүүллээ. Энэ нь энэ жилийн Үндэсний их баяр наадмын онцлог үйл явдал болж байна. Шинэ Арсланд маань хурдтай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан шинэ загварын хүлэг бэлэглэж буй Тоёота корпорацийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тоёота корпораци замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажилладаг. Нийслэлд 50 орчим мянган иргэн Приус маркийн автомашин хэрэглэж байна. Энэ нь иргэд маань өөрсдөө хотынхоо ногоон хөгжлийн төлөө, агаарын бохирдлын эсрэг зөв сонголт хийж байна гэж би ойлгож байна.  Тиймээс Хотын захиргааны зүгээс бүс нутагтаа ногоон хөгжлийн жишиг хот болохоор зорьж, иргэдтэйгээ нэгдэж байгаа. Үүний тулд  шат дараатай олон ажлууд хийхээр төлөвлөж байна.  Монгол Улсын Арслан Э.Оюунболд маань ч гэсэн энэ санаачилгад нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Тоёота Ланд Крузер-200 автомашиныг гардах үеэр Монгол Улсын Арслан Э.Оюунболд “Маш их баяртай байна. Ард түмнийхээ итгэлийг дааж улам -хичээж барилдана” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Энэ үеэр Тоёота корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёши Авайг Нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.


Тоёота корпораци Монгол Улсын Арслан Э.Оюунболдод Ланд Крузер-200 автомашин бэлэглэлээ  
Үзсэн: 2304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй