
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 275 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгосон билээ. Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллага бүр хамт олон болон салбарын түвшинд өөрсдийн нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг явуулж, тодорхой саналуудыг гаргажээ.
Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааны тулгамдсан асуудлыг зохицуулах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилго бүхий “Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” сэдэвт улсын зөвлөлгөөнийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа эхлүүллээ.
Уг зөвлөлгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ монголын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрийн энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, зөвлөгөөнд оролцогч эмч, эмнэлгийн ажилчдыг өөрсдийн өмнө тулгамдаж буй бэрхшээлүүдээ илэн далангүй ярилцахыг захилаа.
Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хайхралгүй орхисон эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, ажлын ачаалал, хөдөлмөрийн нормыг тогтоох судалгааны ажил хийгдэж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурьдаад өмнөх жилүүдэд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийгдсэн ажлын үр дүнгийн талаар товч танилцуулсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт нар эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал олон зүйлээс шууд хамааралтайг онцлоод эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар, бүтээмжид түлхүү анхаарах учиртайг тэмдэглэв.
.jpg)
Өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна. 2013 онд нийсэн “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааны суурь судалгаа”-гаар нийт ажилчдын 81 хувийг эмэгтэйчүүд гэсэн дүн гарчээ. Үүнээс 10 хувь нь өрх толгойлсон эмэгтэй, өрхийн орлогын нэг гишүүнд ногдох хэмжээ амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ажилтан 20,5 хувь, өөрийн орон байргүй, түрээсийн орон сууц болон гэрт амьдардаг 60,9 хувь байдаг бол 70 хувь нь цалингийн зээлтэй байдаг байна.
Үүний зэрэгцээ манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин бусад орны эмч, эмнэлгийн ажилчдын цалингаас харьцангуй бага байдаг. Тодруулбал, одоогийн байдлаар их эмчийн сарын дундаж цалин 621 мянган төгрөг, сувилагч бусад тусгай мэргэжилтэн 550 мянган төгрөг, үйлчилгээний ажилтнууд 400 орчим мянган төгрөгний цалинтай байдаг ажээ. Зарим улс орны эмч нарын сарын дундаж цалинг дурдбал, Англид 5000 орчим паунд, Сингапурт 7000 орчим синга доллар, Францад 2700 гаруй евро, Тайландад 41 мянга орчим ватт, Чехословакт 32 мянга гаруй крон байдаг байна. Гэтэл манай улсын эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний нэмэгдэл нь мөнгөний ханш уналтын хурдаас хоцорч байгаагаас бодит нэмэгдэл болж чаддаггүй гэдгийг ч Эрүүл мэндийн сайд илтгэлдээ онцлов.
Эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна | ||
Үзсэн: 1786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.