Шууд Chart

Түүх хүүрнэж, дурсамж бүтээх Хөлөнбуйрын нутгаар...

2015-08-19 09:50:56

/Аян замын тэмдэглэл/

Наран мандах Мэнэнгийн шаргал талд Монгол Улсын Дархан хилийн алтан сүлдэт багана, цаахан талд нь БНХАУ-ын хилийн багана  энэ л газар нутагт хоёр өөр улс гүрэн туурга тусгаар оршин тогтнож байгааг зарлан тунхаглавч зах хязгааргүй мэт үргэлжлэх дорнын буурал тал, үүлэн хээгээр чимэглэсэн гүн хөх тэнгэр энэ л нутагт өнө эртнээс түүх соёлоороо хэлхээ холбоотой  ард түмэн зэрэгцэн оршиж байгааг сануулах мэт намуухан оршино...

Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр хот... Өмнө талаараа Хянган аймаг, зүүн ба зуун хойд талаараа Хармөрөн мужтай хиллэж, хойд ба баруун хойд талаараа Орос улстай, баруун ба баруун өмнө талаараа Монгол улстай хил нийлж оршдог,  Өвөр Монголын нийт газар нутгийн 21.4% -ийг эзэлдэг том хот. Хөлөнбуйр Өвөрмонголдоо төдийгүй дэлхийн хамгийн том хот гэдгээрээ алдартай.  Үнэхээр ч 263,953 км² талбай нутагтай, дотроо хот хөдөөг багтаадаг, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд дөрвөн янзын зэрэглэлтэй, гуравдугаар түвшний 13 нэгжид хуваагддаг  ийм том хот дэлхий дээр өөр хаана ч байхгүй гэнэ. Хөлөн, Буйр хэмээх хоёр их нуурын нэрээр нэрлэгдсэн энэ л нутаг усны тухай  Монголын нууц товчоонд хүртэл тэмдэглэн үлдээсэн нь бий.

Эртнээс алдартай хоёр том нуураа бараадаж, ханаа дугуйлж, галаан цахиж, үе дамжин амьдарсаар ирсэн Хөлөнбуйрын ард түмэн ч бас түүхийг өөрсдийнхөө амжилт бүтээл, алдаа оноо, амьдрал тэмцлээр бүтээсээр ирсэн. Тэртээ Манж чин гүрний үед Оросын халдлагаас сэргийлэхийн тулд Бутхагийн газраас Орчон, Солон (Эвенк), Дагуур, Барга нийт 3766 хүнийг Хөлөнбуйрт нүүлгэн ирүүлж, түүний дотроос 3000 цэрэг эр сонгож, хоёр гар, найман хошуу, тавин сум болгон хэсэглэсэн хэмээн түүхэнд бичиж үлдээжээ. Тиймээс ч халдах дайснаас хамгаалах хана болон суурьшсан хоёр сая найман зуу гаруй мянган Хөлөнбуйрчуудын дунд  Хятад, Монгол,Манж, Солонгос, Орос үндэстэн, Дагуур, Хотон, Хамниган зэрэг ястан, Орчон хэмээх омогийнхон бий. Энэ удаа Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын  Хайлаар дүүрэг, Манжуур хотоор аялсан богинохон аялалаа тэмдэглэл болгон эвлүүлэв.

Сэтгэлийг соронз мэт татах шидэт амт Хайлаар

БНХАУ-ын төрийн өмчит газрын тосны олборлолт, боловсруулах томоохон үйлдвэрүүдтэй, газрын тосоор хөлжсөн  газар гэсэн мэдээлэлтэй анх Хайлаарт хөл тавьж байснаа санаж байна. Цаг уурын хувьд Монголтой адилхан энэ хот анхны төсөөллийг маань зуун хувь эргүүлж орхив. Хүнд үйлдвэртэй зэрэгцүүлэн аялал жуулчлал, арилжаа наймаа, газар тариалан гээд бүхий л зүйлийг нэгэн зэрэг хөгжүүлж, ирсэн хүний сэтгэлийг татах зүйл энд олны бүтээн байгуулжээ.  Газрын тосны арвин баялаг нөөцтэй ч гэсэн тэд хэзээ нэгэн цагт нөөц нь шавхагдах байгалийн баялагт бус харин өөрсдийнхөө хөдөлмөр, бүтээн байгуулалтанд анхаарч хотоо хөгжүүлж байгаа нь илхэн. Чингэсийн талбай, Хасарын гүүр, Морин хууран гүүр гээд энд юм бүхэн нэг л танил...

Морин хуурны толгойгоор гэрэлтүүлэгийнхээ нь шон бүрийг чимж, гүүрний хаалгыг л гэхэд асар том хоёр морин хуур зэрэгцүүлэн тавьсан  мэт харагдахаар өвөрмөц шийдэлтэй хийсэн байх юм.  Чингисийн талбайд морьт баатрууд нь зэр зэвсгээ агсан зэрэгцэж зогсоод, гоо хатад нь зүс гоёлоо зүүн эгнэн байрлажээ.  Ихэс дээдэс, эзэн хааны боол зарц, хөсөг тэрэг, хоточ банхар, нүүдлийн цуваа, бөө мөргөл, араг үүрсэн эмгэн, нум сумаар наадаж буй хүүхдүүд гээд Хайлаарын  хаанаас бол хаанаас эртний Монголчуудыг харж чадна. Зөвхөн Чингэс хааны талбайг байгуулахын тулд 25 га газрыг хамруулан бүтээн босголтын ажил хийж, мод цэцэг өнгө алаглулан тарьжээ. Зундаа амралт зугаалга, арилжаа наймааны гол цөм болж чаддаг  энэ цэцэрлэгт хүрээлэнд өвөл бол  мөсөн хотхон сүндэрлэн босдог гэнэ.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны Чингис хааны тухай хэлсэн үгийг хүртэл энд чулуун хөшөөн дээр монгол бичгээр сийлжээ.

Гэтэл эзэн Чингисийн өлгий нутагт төрсөн, өндөр их хувь заяатай ард түмсэн хэмээн цээжээ дэлддэг Монголчууд бид хөөрхий муу Чингис хаанаа халтар төгрөг, хатуу архи, хоёр гуравхан хөшөөн дээр л дүрслээд өнгөрч дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Хайлаарт 300 гаруй  мянга гаруй хүн аж төрдөг. Гэвч дотоодын 44, гадаадын 14 чиглэлд агаарын тээвэртэй, төмөр зам, автозамаар бүрэн холбогдсон Орос, Монголын хил нутагт оршдог, усан боомттой энэ хотыг зорих жуулчдын цуваа тасардаггүй Гэвч энэ хотыг үзэхээр жилд гурван сая гаруй жуулчид ирдэг аж.  Хайлаар гэсэн нэрийг хятадаар 海拉尔 hǎilā'ěr; оросоор Хайлар; англиар Hailar гэж дууддаг. Яг ямар учиртай нэр болохыг аялалын хөтчөөсөө сонирхон асуувал хүний сэтгэлийг татах увидастай, гойд сайхан амттай Хайлаар хэмээх ногоо зуны цагт ширэг шиг ургадаг. Тиймээс энэ нутагт Хайлаар гэсэн нэр өгсөн хэмээн хариулж байх юм. Үнэхээр ч Хайлаар хот бусдын сэтгэлийг соронз мэт татаж, арилжаа наймаа эрхлэгчид, аялж зугаалагсдын хөлд дарагдсан их хөлийн газар аж.
 

Азийн цонхоор эгшиглэх Манжуурын вальс...

Монголчуудын хувьд Манжуур гэсэн нэр  цаанаа л нэг танил дотно санагддаг. Хил гааль хаалттай, хуучны түүх ч бүрхэг бүдэг  өмнөх нийгмийн үед Монголчууд Манжуурын толгод хэмээх харамсал, гуниг нэвт уусаж, хүлээлт ялалтыг өөртөө шингээсэн задгай цагаан аялгуунд хөл нийлүүлэн вальс эргэж явсныг санасаар Манжуурт  газардлаа.

Манжуурын толгод хэмээх  гэгэлгэн хэрнээ цаанаа л нэг сүрлэг энэ л аялгуунаас  оросын цагаахан хус, цэнхэр нүдэт  гоолигхон бүсгүйчүүд, хээ хауар алагласан цацагт алчуур, хээнцэр чамин барилга байшин нэвт харагддаг. Үнэхээр ч төсөөлөл маань зөрсөнгүй. Эртний орос ардын үлгэрүүд бүхий зурагтай ном уншиж байгаа мэт нэг л өвөрмөц мэдрэмжийг Манжуураас олж харна. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй орос загвар бүхий байшингууд... Тод хээ, угалз бүхий интерьер  засал,  орос дуу хөгжим... Энэ хотын өнгө төрхийг илтгэх байшин барилгуудад оросын соёл, зан заншлыг нэвт шингээж өгөхийг эрмэлздэг. Тиймээс байшин барилгуудын гэрэлтүүлэг, чимэглэл тун сайн. Манжуур хот шөнөдөө яг л үлгэрийн орон мэт тансаг харагдана. Хайлаарт Чингэсийн талбай олны анхаарлыг татаж байсан бол харин Манжуурт  ирсэн бүхнийг Модон хүүхэлдэйн талбай даллан дуудна.  Тэд дэлхийд цор ганц модон хүүхэлдэйн хотхонг байгуулжээ.

Энэхүү хотхоны голд таван давхар  матрушка хэлбэртэй байшин байна. Түүний эргэн тойронд 100  гаруй том, жижиг матрушка. Энэ олон матрушка зүгээр нэг үзмэр төдий бус. Матрушка хэлбэртэй жижигхэн байшингуудад бэлэг дурсгалын дэлгүүр, түргэн хоолын цэгүүд  ажиллана. Хамгийн сонирхолтой нь энд Оросууд хамгийн ихээр ирж орос хоолоо идэж, орос хүүхэлтэйтэй хамт зургаа авахуулаад орос руугаа буцдаг аж. Матрушкан хотхонтой хаяа дэрлээд Оросын алдартай том хөшөө дурсгалын жижиг хувилбаруудыг урлажээ. Гагарины хөшөөнөөс эхлээд агуу Петрийн хөшөө, Волгорадын хөшөөг ч эндээс үзэх боломжтой. Манжуур бол эртний арслан зааны өлгий нутаг. Энэ нутгийн хөрсөн дороос хэдэн сая жилийн настай арслан зааны соёо, яс зэрэг ховор үзмэрүүд олддог. Тиймээс Манжуурт арслан зааны том хөшөө барьжээ.

Яг үүнтэй зэрэгцээд “Янаг амрагын арал” гэсэн сүртэй нэртэй хөшөө дурсгалын газрыг байгуулсан байх юм. Тэврэлдэж суугаа залуу хосуудын баримал...  Ойролцоогоор гурван давхар байшингийн хэмжээтэй энэхүү хөшөөний цаахан талд хуримын 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийг билэгдсэн том чулуун баримлууд бас бий. Сүүлийн үед хятад залуучууд бал сарын аялал их хийдэг, хуримын ойгоо тэмдэглэдэг болсон учраас тэдэнд зориулж зориуд ийм баримлуудыг барьсан гэнэ. Хуримаа хийсэн хосууд бал сарын аялалаараа Манжуурт ирсэн бол хамт амьдарсныхаа 10,20,30,40 жилийнхээ  ойг мөн л энд ирж тэмдэглэх учиртай гэнэ.  Аялал жуулчлалын тасралтгүй үргэлжлэх бодлого гэж үүнийг л хэлдэг бололтой. Манжуур хот нийтдээ   732  хавтгай дөрвөлжин километр нутагтай  300,000 гаруй мянга гаруй хүн амтай. Хүн ам цөөтэй ч гэсэн энэ хот  БНХАУ-ын хамгийн их ачаалалтай хуурай  боомт  газар. Тус боомтын бараа эргэлт  гэхэд л 70 сая тонноор хэмжигдэж байгаа аж. Зөвхөн энэ хотод 930 гадаад худалдааны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. ӨМӨЗО-ы Орос дахь импорт, экспортын бүтээгдэхүүний 80 хувь нь энэ боомтоор дамждаг бөгөөд Орос, Монгол, Япон, Солонгос, Тайвань зэрэг 40 гаруй улстай эдийн засаг, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэхдээ “Азийн цонх”  хэмээн нэрлэгдсэн Манжуур хотынхон хилийн боомтоо сахиж, тэндээс орлого орж ирэхийг хүлээж гараа хумхин зүгээр суухыг хүсэхгүй байна. Хойд талаараа Оростой, баруун талаараа Монгол улстай хил залгаа оршиж байгаа учраас газар зүйн давуу байдлаа ашиглан Манжуурыг аялал жуулчлалын бүс нутаг болгохыг хичээн, хөрөнгө мөнгө ч их зарцуулж, булган эдлэлийн үзэсгэлэн гаргаж, цас мөсны баяр зохиож, бүүр болоогүй Цасан гоо бүсгүй хүртэл шалгаруулдаг. Энэ мэтчилэн тооцоод байвал асар олон зүйлийн тухай ярьж болно. Үнэхээр “Азийн цонх”-оор эгшиглэх Манжуурын вальс цаанаа л өвөрмөц  аж.
 

Түүхийг ард түмэн бүтээдэг...

Өвөрмонголын Өөртөө засах орны Хөлөнбуйр хотын  Хайлаар дүүрэг, Хятадын хамгийн том хуурай боомт болох Манжуурт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Хуучны түүхийг сэргээн шинээр бүтээж байгаа хэрнээ хуучин хотоо буулган шинэчилж, уламжлал шинэчлэл хоёр энд эн тэнцүүхэн оршиж байх юм. Монголчууд бид өнгөрсөн түүхээ хайж явахад тэд шинээр урлаж байна. Хайлаарт байх Эзэн Чингэсийн талбай, Хасарын гүүр, Морин хуурын цогцолборууд, Манжуурын “Янаг амаргын арал, Арслан зааны хөшөө, Хүүхэлдэйн хотхоныг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн тэд өөрсдийнхөө сэтгэлд үлдэх дурсамжаа бүтээж байна.  Он цаг хөвөрсөөр...Хөлөнбуйрчуудын  зүтгэл шингээж урласан эдгээр бүтээл  хэдхэн жилийн дараа түүхийн бас нэг баримт болж үлдэнэ. Он цаг өнгөрөх тусам улам л үнэ цэнэ нь нэмэгдэх болно. Түүхийг ард түмэн бүтээдэг...

Б.Цоож
 
Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Түүх хүүрнэж, дурсамж бүтээх Хөлөнбуйрын нутгаар...  
Үзсэн: 3494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй