Шууд Chart

АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2015-09-09 12:54:18

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын Гадаад хэргийн яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын ээлжит аравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцож буйгаа танилцуулав. Тэрээр “Монгол Улс бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн нийтэд ардчиллын загвар орон хэмээн бид үнэлдэг бөгөөд ардчиллыг дэмжих үйл ажиллагаанд талархал илэрхийлье. АНУ бол Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бүх талаар дэмждэг гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв. Мөн тэрээр АНУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, эдийн засгийн мэргэжилтнүүд Монгол Улс улс төр, татвар, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг бүрдүүлж чадвал хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоо байгаа хэмээн дүгнэж буйг Улсын Их Хурлын даргад танилцуулаад, хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов.

 
 
УИХ-ын дарга З.Энхболд, ноён Даниел Расселийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр ардчилал бол монголчуудын түүхэн сонголт байсан хэмээн онцлон хэлэв. Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байгаа хэдий ч эдийн засгийн олон тулгууртай болох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэв. Монгол Улс болон АНУ-ын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх бололцоо байгааг тэрээр дурдаад, үүнийг УИХ бүх талаар дэмжин ажиллаж байна гэлээ.  
 
АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн дарга Даниел Рассел, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжин, улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг АНУ-ын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад уламжилж, хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.
 
Энэ үеэр улс төр, эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчны талаар харилцан ярилцаж, хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

АНУ-ын Төрийн департаментын туслах нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй