
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцож байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн С.Е.Нарышкин өнөөдөр /2015.09.16/ үдээс өмнө ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Иллка Канерватай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр ярихдаа:
-Монгол Улс надад болон миний хамтрагч нөхдөд Финландыг бодвол онцгой зочломтгой хандлаа. Энэ оны долдугаар сард ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хуралд Оросын төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан Финландаас ялгаатай нь Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн, НАТО болон Европын Холбоотой хамтран ажилладаг орон хэдий ч олон улсын харилцаанд бие даасан, зарчмын байр суурийг баримталж байна. Финландын хурал дээр ОХУ эдийн засгийн хоригийн асуудлыг дэвшүүлэн тавихаар зэхэж байсан, гэвч энэ сэдвийг зөвхөн одоо Улаанбаатарт ярих боломжтой боллоо.
Улаанбаатарт болж буй энэхүү хурлын өмнө, ЕАБХАБ-ын бүс нутаг болон түүний хил хязгаараас гадагш газар нутгийн аюулгүй байдлын асуудалд зориулсан парламентын бага хурлын өмнө ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Иллка Канерватай уулзсан. Энэхүү уулзалт хаалттай хаалганы цаана болсон.
Уулзалтын дараа ноён Канерва сэтгүүлчдэд ярихдаа Парламентын Ассамблейн аливаа төлөөлөгчдийн үйл ажиллагаанд элдэв хориг, хязгаарлалт тавихыг зогсоох нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей нь боломжтой бүхнийг хийнэ хэмээн хэлсэн. Уулзалтанын үеэр мөн Украины нөхцөл байдлыг ч хэлэлцсэн. Ноён Иллка Канервагийн ярьснаар бол парламентын дипломат ёсонд хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд тус дөхөм болох олон арга барил, давуу тал байгаа юм.
Түүний өгүүлснээр Орос орон ЕАБХАБ-ын үйл ажиллагааг үнэлдэг бөгөөд түүний Парламентын Ассамблейн ажил хэрэгт ямагт дуртайяа оролцож ирсэн. Харамсалтай нь, Европын холбоо болон Финландын түшмэдийн үйл ажиллагаа Хельсинкид болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ойн хуралд Оросын төлөөлөгчид оролцох боломж олгосонгүй. Энэ мэт нөхцөл байдал Нью-Йоркт ч давтагдсан. АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко тэргүүтэй төлөөлөгчдийн Парламент хоорондын холбооны бага хуралд оролцоход саад болсон.
Оросын тал энэ явдлыг “байж боломгүй үйлдэл, парламентын ардчиллын үнэ цэнэд халдсан явдал” гэж үзэж байгаа. “Ийм явдал дахин давтагдах ёсгүй. Парламентчдад тавьсан энэхүү хориг нь улс төрийн ичгүүр сонжуургүй байдал, олон улсын нээлттэй яриа хэлэлцээний зарчмуудыг үл ойшоож буйн илрэл гэж үзэж байна” хэмээн Сергей Нарышкин тэмдэглээд “ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд энэ мэт хориг тавихыг хориглосон тогтоолын төсөл оруулсан” гэлээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Оросын тал Вена болон Тбилисид болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд идэвхтэй оролцохоор төлөвлөж байна. Ноён Канерва бидний уулзалт тогтмолжиж байгаа нь баярлуулж байгаа. “Монгол улс ЕАБХАБ-ын шинэ гишүүдийн нэг, гурван жил хамтран ажиллаж байгаа ч манай байгууллагын үнэт зүйл, ажлын арга барилд үнэнч гэдгээ хэдийнэ харуулж амжсан” гэдгийг ноён Канерва бидэнд сануулсан юм гэлээ.
С.Е.Нарышкин: Монгол улс ЕАБХАБ-ын үнэт зүйл, ажлын арга барилд үнэнч гэдгээ хэдийнэ харуулж амжсан гэдгийн ноён Канерва бидэнд сануулсан | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.