
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өнөөдөр Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үеэр нутгийн 1600 гаруй иргэний гарын үсэг бүхий Халх голын чөлөөт бүстэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг надад өгсөн. Энэ өргөдлийн нэг хувийг албан ёсоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгөх нь зүйтэй хэмээн үзэж, нутгийн иргэдийн төлөөллийн хамт ирлээ” хэмээн танилцууллаа.
12.000 га талбай бүхий Шанхайн чөлөөт бүс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Гэтэл Монгол Улс 500 мянган га талбайг чөлөөт бүс болгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу тус бүс нутагт гаднын ажиллах хүчний квот тогтоодоггүй зохицуулалт нь олон эрсдэл дагуулж байна. Тиймээс Халх голын чөлөөт бүс гэдэг нэрийг өөрчилж, олон улсын жишгийн дагуу “Хөдөө аж ахуйн эрүүл бүс” болгох хүсэлт гаргаж байгаа талаар Халхгол сумын иргэн Л.Мягмарсүрэн, Ж.Гансүх, Ц.Энхжаргал нар Байнгын хорооны даргад танилцуулаад өргөдлийг холбогдох баримт, бичгийн хамт хүлээлгэн өгөв. Түүнчлэн уг өргөдөлд 1600 иргэн гарын үсэг зурсан ч нутгийн бүх иргэд дэмжиж байгааг дуулгав.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсын хууль, тогтоолын хүрээнд уг асуудлыг судалж, холбогдох газруудаас мэдээлэл авч, Байнгын хороогоор хэлэлцэх болно гэлээ.
Халхгол сумын 1600 гаруй иргэний өргөдлийг хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.