
Намрын дунд сарын эхний өдрүүдэд монголчууд ахмад буурлуудаа баярлууллаа. 23 дахь жилдээ Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэж буй энэ өдрүүдэд байгууллагууд болон хороод ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, бага сага бэлэг өгч, эсвэл концерт үзүүлэн, зарим нь эрүүл мэндийн өдөрлөг ч зохион байгуулав. Тэд маань жаахан л юманд баярладаг, уяхан хүмүүс шүү дээ. Гоёлын дээл, хүрмээ өмсч, энгэр дүүрэн одон медаль гялтагануулан алхах буурлуудыг хараад бид тэднийгээ хэдийхэн жаргаадаг билээ гэх бодол хөнгөн гуниг төрүүлнэ.
Насаараа үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөчихөөд, гавьяаны амралтаа эдлээд ч амрах эрхгүй, “сахиул”, “асрагч”-ийн ажилд зүтгэж явах нь цөөнгүй. Аав, ээж хоёр минь залуу байхын л ээлжийн амралтаараа аль нэг улсын амралт, сувилалд явж, амардаг байлаа. Ер нь тэр үеийн хүмүүс бүгд л тийм байсан даа. Одоо ч гэсэн хуулийн дагуу 50 хувийн хөнгөлөлтөө эдлээд жилдээ нэг удаа амралтанд амарч бас сувилалд сувилуулдаг.
Энэ зун ээж маань наадмын өмнөөс эхлээд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ “Их тамир”-т амрахаар болсон тухайгаа хуучлав. Тэдний болзсон наймдугаар сарын 1-ний өдөр ирэхэд арав гаруй хүнээс “үерхэлдээ үнэнч” ганцхан хүн үлдсэн нь ээж минь байлаа. Бусад нь бүгд ямар нэг шалтгаанаар болзооноосоо булзав. Шалтгаан нь голдуу хүүхдүүд нь хаа нэг тийшээ явж байгаа тул ач, зээ, гучаа харж, гэртээ үлдэх үүрэг хүлээсэн гэх. Зуны дэлгэр цагт ижий, аавыгаа агаар салхинд гаргаж, эмчилгээ сувилгаа хийлгүүлж, үе тэнгийн хөгшидтэй нь нөхөрлүүлж, “сахиул”-ын ажлаас нь жаахан ч болов амсхийлгэхийн оронд өөрсдөө аялж зугаалж, наргиж цэнгэхээ өмнөө барих, хувиа хичээсэн үр хүүхэд цөөнгүй байгаад сэтгэл эмзэглэх. Өнгөрсөн жил ээж маань мөн л хоёр найзын хамт сувилалд явна гэж байтал цаадуул нь “хүндэтгэх” шалтгаанаар амрах эрхээ хасуулж билээ.
“Сахиул”-ын ажлаас гадна мөнгөний “проблем” бас байдаг л бололтой. Насаараа хөдөлмөрлөчихөөд тэтгэврийнхээ мөнгийг өөртөө зориулж чадахгүй байгаа буурлуудыг буруутгалтай биш, төрүүлж өсгөн, өдий зэрэгт хүргэсэн эцэг, эхдээ жилд 150-300 мянган төгрөг зарцуулчихаж чадахгүй үр хүүхдийг нь арчаагүй гэхээс өөр яалтай вэ. Амрах эрхээ хасуулахаас гадна жилд хоёр удаа хөнгөлөлттэй үнээр амрах, сувилуулах эрхтэйгээ ч мэдэхгүй хөгшид бас байх юм. Эцэг, эхдээ санаа тавьдаг үр хүүхэдтэйсэн бол ядаж тэд нь энэ тухай олж мэдэж, хэлж өгмөөрсөн.
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа шүү дээ, бид чинь. Хүн ер нь үр хүүхдээрээ тэжээлгэнэ гэж байдаггүй бололтой. Харин насны эцэст асраад өгвөл л болоо доо хэмээн өгүүлэх буурлын үг зүрх зүснэ. Эцэг, эхээ хүний гар харахад хүрэхээр нь асрамжийн газарт “тушаадаг” барууны сэтгэлгээг буруушаадаг атлаа өөрсдөө амьд бурхаддаа төдийлөн анхаарал тавьж чаддаггүй, завгүй монголчууд нэг иймэрхүү ...
Хөгшдийнхөө нурууг хэзээ тэнийлгэх вэ | ||
Үзсэн: 2079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.