Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзав

2015-10-05 17:15:52

УИХ-ын дарга З.Энхболд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр  хүлээн авч уулзав.

 

УИХ-ын дарга 2015 онд Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дурдаад, уг тэмдэглэлт ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгааг онцоллоо.  Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг Монгол Улсад ажилласан 3 жил гаруй хугацаанд Франц Улсын Гадаад хэргийн сайдын анхны албан ёсны айлчлал, хоёр орны парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийн харилцан айлчлал, Монгол, Францын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн 1, 2 дугаар хуралдаанууд, 2015 онд Батлан хамгаалахын сайдын түвшний анхны албан ёсны айлчлал зэрэг олон чухал арга хэмжээ болсныг тэмдэглэн хэллээ. Мөн Монгол Улсад зохион байгуулсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд өндөр ач холбогдол өгч БНФУ-ын Парламентын хоёр танхимаас нийт 7 гишүүн оролцсонд талархал илэрхийлэв.

Элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Би Монгол Улсад Элчин сайдаар дөрвөн жил орчим ажилласан, мөн 32 жилийн өмнө нэг жил ажиллаж байсан. Миний амьдралын багагүй хугацаа Монгол Улстай холбоотой бөгөөд сэтгэл, зүрх минь энэ улсын төлөө байдгийг хэлмээр байна. Францын ард түмэн ч монголын соёл, урлаг, уламжлалд дуртай байдаг. Хоёр орны харилцаа өндөр түвшинд байгаа, нөгөөтэйгүүр институт хоорондын харилцаа чухал хэмээн үзэж өнгөрсөн хугацаанд зарим ажлыг хийсэн. Тухайлбал, Францын олон улсын сургууль, Франц-Монголын аж үйлдвэрийн танхим байгууллаа. Францын томоохон аж ахуйн нэгжүүд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаа явуулж байна. Жилд 5000 гаруй франц жуулчин Монгол Улсад ирж байгаа бол 4000 орчим монгол хүн Франц Улсад амьдарч байна.

Эдийн засгийн нөхцөл дэлхий даяар хүндрэлтэй байгаа ч Франц Улс Монгол Улстай харилцах олон талт харилцаандаа өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, соёл, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газраас бодлогоор томилон хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн тэрээр "Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ Та Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг оновчтойгоор тодорхойлж, чухал дүгнэлт хэлсэн" хэмээгээд Монгол Улсын эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд итгэл дүүрэн байдаг гэв. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбар бол тэнцвэртэй хөгжлийн гол тулгуур бөгөөд Франц Улс энэ бүх салбарт арвин туршлагатай учраас цаашид бүх талаар хамтран ажиллаж, туршлагаасаа хуваалцахад баяртай байх болно гэлээ.

 

 


УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзав  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй