Шууд Chart

Гэмт хэрэг ба шоу-бизнесийн одод

2015-10-07 13:51:42

...Тэд ихэвчлэн хар тамхи хэрэглэх, хадгалах, согтуугаар машин жолоодох, хүмүүс рүү дайрч давшлах, зодоон хийх, гэр бүлийн хүчирхийлэл, секс скандал, араар тавилт, галт зэвсэг хэрэглэх зэрэг гэмт үйлдлийг гаргадаг талаарх судалгааг Нью-Йоркийн Их сургуулийн профессор Норман Сассман, Беверли Хиллзийн нэртэй сэтгэл судлаач Кэрол Либерман нар өөрсдийн судалгаандаа дурджээ...

Гэмт хэрэг


2000—2002. Роберт Дауни-бага

Роберт 1996-2001 онд хар тамхи хууль бусаар хадгалсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байсан "хүнд гар". Мөн 1999-2000 онд мансуурлын тест өгөхөөс татгалзсаны улмаас нэг жил шоронд хоригдож байв. Шоронгоос эмч нарын хяналтан дор барьцаагаар суллагдсан юм. Гэвч 2000.11 сард мөн л мансуурлын байдалтайгаар зочид буудлын өрөөнөөс баригдсан. Цусны шинжилгээгээр түүнээс морфин/героин, марихуан, валиум болон кокаин илэрсэн билээ.

2001 онд жүжигчин эр Лос-Анжелесийн орчмоос бас саатуулагджээ. Мөн л хар тамхи хэрэглэсэн... Дахиад л барьцаагаар суллагджээ. Шүүхээс түүнд гурван жил эрх чөлөөг нь хасч мансуурлын эсрэг төвд албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарсан юм. Ингээд хар тамхинаас эрс татгалзаж чадсан Роберт Дауни ялаа эдэлж дуусаад зарим нэгэн кино компанитай гэрээ байгуулж эхэлжээ. “Төмөр хүн” болон “Шерлок Холмс” кинонууд түүнийг их урлагт эргүүлэн авчирчээ.


Вайнона Райдер

2001.12 сард Беверли Хиллзийн цагдаа дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр Вайнонаг баривчилжээ. Тансаг брэндийн Saks Fifth Avenue’s дэлгүүрийн ажилтан бүсгүйг гоёл чимэглэлийн шошгыг авч хаян дэлгүүрт хулгай хийж байгааг хяналтын камераар харжээ. Цагдаагийнхан нэгжлэг хийхэд Райдераас жорын бус эм бэлдмэл илэрчээ. Түүний нууцаар авч гарахаар завдсан бараа нь $4,7-$5,5 мянган долларын үнэтэй байв. Ингээд хулгай болон мансууруулах бодисын хэргээр бүсгүй саатуулагдсан ч тэр өдрийн орой нь 20.000 долларын барьцаатай суллагджээ. 2002.12 сард Райдерт шүүхээс гурван жилийн хорих ял, 10.000 долларын торгууль оногдуулсан билээ. Харин ялыг хөнгөлснөөр тэр 480 цагийн нийгмийн ажил хийж торгуулиа төлөөд шоронд нэг л өдрийг өнгөрөөжээ.


Ник Нолти

2002 оны есдүгээр сард жүжигчин Ник Нолти хэвийн бус байдалтай жолоо барьж яваад саатуулагджээ. Түүнийг Малибугийн цагдаа баривчлав. Mercedes-тэй эрхэм хурд хэтрүүлсэн хэрэгт буруутгагдав. Тэр цагдаагийн хэсгээс барьцаагаар суллагдаж чадсан. Харин шүүхийн мөрдөлтийн явцад түүний цуснаас хар тамхи илэрчээ. Түүнд гурван жилийн хорих ял, албадан эмчилгээний ял оноож байсан. Тэр өөрөө ч буруу үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж.


2003.  Майкл Жексон

Түүний насанд хүрээгүй хүнийг “оролдсон” гэх хэрэг 21-р зуун гарснаас хойших хамгийн дуулиант хэргийн нэгээр тооцогддог. “Попын хаан”-ыг хүүхэд сонирхогч, гаж донтон хэмээн шуугисан. Үүний анхны дуулиан бүр 1990-ээд оны эхээр дэгдэж байсан  1993 онд 11 настай Жордан гэх хүүг өдөж оролдсон гэх хэрэгт буруутгагдсан Майкл түүний гэр бүлд 20 саяыг төлж байлаа. Тэгвэл 2003 онд ийм төрлийн 10 удаагийн үйлдэлд хааныг буруутгасан юм. Тэрээр хүүхэдтэй хамт унтах дуртай байсан, энэ бохир үйлдлээ Санта-Барбара дахь Neverland-дээ хийх дуртай хэмээн олон эцэг, эх түүнийг буруутгалаа.

Харин гурван сая долларын барьцаагаар суллагдсан Майкл тэр бүхнийг огт үндэслэлгүй худал зүйл хэмээсээр байжээ. Хэрвээ үйлдэл нь үнэн хэмээн батлагдсан бол түүнд 20 жилийн хорих ял оноох байв. Тэр бүхэн нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд зогсохгүй 2009 онд хааныг таалал төгсөхөд нөгөөх Жордан хүүгийн 1993 оны хэрэг худал зүйл байсан талаар хүүгийн эцэг нь мэдэгдээд хааны гэр бүлээс уучлалт хүссэн удаатай. Хүүг эцэг нь худал мэдүүлэг өгөхийг тулгасан гэжээ.


Том Сайзмор

Жүжигчин Том Сайзмор мөн л хар тамхинд донтогч. 1997 онд тэр гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон. Эхнэр нь түүнийг буруутган гомдол гаргаж байжээ. Харин 2003 онд түүний экс амраг Хайди Флейсс өөрийг нь үргэлж зоддог байсан хэмээн буруутгалаа. Жүжигчин эрд зургаан жил шоронд хорих, хар тамхины эсрэг албадан эмчилгээнд хамруулах ял оноожээ. Гэхдээ тэр торны цаана 90 хоног суугаад гарчээ. 2005 онд мөн л нөгөөх бүсгүйд гар хүрснээсээ болж 17 сар хоригдох ял авчээ. 2007.05 сард түүнд хар тамхи хууль бусаар хадгалсан хэргийг тулгажээ. Ингээд мөн л 16 сар хоригдож суллагджээ. Харин 2010 онд тэрээр Ларри Кингийн ярилцлагад оролцох үеэрээ хар тамхи хэрэглэхгүй жил гаруй болж байна гэжээ.


Кортни Лав

2003 оны хоёрдугаар сар. Дуучин, жүжигчин Кортни Лавыг Хитроу нисэх онгоцны буудал дээр Лондоны цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр онгоцон дотор үймээн дэгдээжээ. Түүнийг нислэгийн аюулгүй байдалд заналхийлсэн гэх хэрэгт буруутгалаа. Үүнд нь хоёр жилийн ял оноож болохыг английн цагдаа сануулжээ. 2003 оны аравдугаар сард тэрээр дахин саатуулагджээ. Найзынхаа гэрийн цонхыг хагалсан, хар тамхи хэрэглэсэн... Бүсгүйг 2.5 мянган долларын барьцаагаар суллаж мансуурлын эсрэг албадан эмчилгээнд хамруулжээ. 2004.02 сард Беверли-Хиллзийн шүүхээс түүнийг хууль бусаар хориотой эм бэлдмэл хадгалсан хэргээр саатуулах шийдвэр гаргав.

Лав өөрөө сайн дураараа эмчилгээнд хамрагдав. 2004 оны зургаадугаар сард дуучин бүсгүй бусдын эрх чөлөөнд халдаж дахин цагдаагийн хаалга татлаа. Тэр дуучин Кристин Кингийн нүүрэн дундуур архины шилээр буулгаад авчээ. Энэ танхайралдаа тэр гурван жилийн хорих ял, 100 цагийн нийгмийн тустай хөдөлмөр хийх, албадан эмчилгээнд хамрагдах зэрэг хэд хэдэн ял авсан.


2004—2005. Пит Доэрти

The Libertines хамтлагийн экс гишүүн, топ-модель Кейт Моссын экс амраг Пит хар тамхичин гэдгээрээ зартай. 2004 онд тэр хоёр сар шоронд суусан. 2005 онд Шрусбери хотод тоглолтынхоо дараа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Мөн түүнээс хориотой эм ч илэрчээ. 2006 онд тэр хар тамхи хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгагдсан билээ. 2007 онд мансуурсан байдалтай машин жолоодож яваад баригдсан. Хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч олон нийтээс уучлалт эрсэн тул түүнийг “өршөөж” эмчилгээнд хамруулаад л өнгөрсөн байна.


Бой Жорж

2005.10 сард түүний гэрээс кокаин илэрчээ. Хэдийгээр хар тамхийг минийх биш хэмээн “гүрийсээр” байсан ч 2006 оны гуравдугаар сард түүнийг хар тамхи хууль бусаар хадгалсан гэх хэрэгт буруутгаж таван өдрийн нийгмийн тустай хөдөлмөр хийлгэжээ.

Нийтэлсэн: Р.Слава

Гэмт хэрэг ба шоу-бизнесийн одод   
Үзсэн: 2988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй