Шууд Chart

Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ

2015-10-07 14:27:02

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

УИХ-аас 1998 онд Ариун цэврийн тухай хуулийг батлан хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулж хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд 1998, 2001, 2011, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа Ариун цэврийн тухай хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаад оршиж байна гэдгийг хуулийн төслийн танилцуулгыг хийхдээ Р.Бурмаа сайд хэлсэн.

Улаанбаатар хот, зарим суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Тухайлбал, агаар бохирдуулагч хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон харьцангуй чийг, агаарын даралт нь зүрх судас, амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлж, Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөл нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх болсон байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, барилга байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулж байгаа нь ундны ус бохирдох, хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр болох гүн өрмийн худгийн 32.3 хувийн эргэн тойронд буюу 50 метр газарт ямар нэгэн бохирдуулагч эх үүсвэр байгаагаас шалтгаалан шинжилгээгээр 30 хувьд нянгийн бохирдол илэрсэн байна гэдгийг Р.Бурмаа сайд мөн дурьдсан. Хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрын эрүүл ахуйн аюулгүй байдал зөрчигдөх, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанар, аюулгүй байдал алдагдаж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гарах нөхцлийг бүрдүүлж буй аж. Тухайлбал, улсын хэмжээнд 2004-2012 онд хүнснээс гаралтай хордлогот халдварын 42 удаагийн дэгдэлт гарч, гэдэсний халдварт өвчний дотор хоолны хордлогот халдвар 40 гаруй хувийг эзэлжээ.

Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1067 цэцэрлэгт 193.0 мянга, ерөнхий боловсролын 755 сургуульд 504.0 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд сургуулиудын 76 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хүчин чадлаасаа 1.5-2 дахин их хүүхэдтэй, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаатай холбоотойгоор анги, бүлгийн агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, ариун цэврийн тоноглол хүрэлцээгүй, ариун цэврийн нэг тоноглолд ногдох сурагчийн тоо эрүүл ахуйн нормоос 2-5 дахин их байгаа юм байна. Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин, нөхцөл бүрдүүлэх үүднээс эрүүл ахуйн дараах нөхцөл, шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсрууллаа гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Гишүүд, гэр хорооллын бие засах газрын стандарт ямар байх, энэ талаар хуульд хэрхэн тусгасан, орон нутаг руу явах замын дагуу ил задгай бие засахыг хориглосон нь амьдралд хэр нийцэх, хог тоос, хогийн ургамлаас үүдэлтэй харшлын өвчлөл эрс нэмэгдээд байгаа энэ үед хогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасаныг тодруулсан. Мөн хуулийн төсөлд халдварт өвчин, сүрьеэгийн, сэтгэцийн эмнэлгийг хотын төвд байгуулахыг хуулиар хориглохоор тусгасан байна. Харин одоо хотын төвд байгаа эдгээр эмнэлгүүдээ хэрхэх вэ гэж асуусан юм. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу гэр хорооллын бие засах газрын стандартыг холбогдох төрийн захиргааны байгууллага боловсруулан Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв баталгаажуулахаар тусгасан байна. Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэнд, спортын яамнаас боловсруулж байгаа аж. Түүнчлэн хог хаягдлын талаар ч төсөлд тусган, хогийн цэг, зориулалтын байгууламж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын стандартын талаар ч заалт оруулсан гэлээ. Хуулийн төсөлд орон нутаг руу явах замын дагуу барих зогсоол талбайд бие засах газар байгуулахаар тусгаж, энэ ажлыг орон нутгийн Засаг дарга нарын хүлээх үүрэгт тусгайлан зааж өгсөн хэмээн Ажлын хэсгээс тайлбарласан. Анх сэтгэцийн эмнэлгийг байгуулахад хотын хүн ам цөөн, эмнэлэг хотын гадна хэсэгт байсан ч хүн ам олноор төвлөрч, хот тэлснээс эмнэлэг суурьшлын бүсэд ороод ирсэн. Тиймээс цаашдаа дээрх эмнэлгүүдийг байгуулахдаа хотын суурьшлын бүсэд байгуулахгүй гэсэн санаагаар төсөлд тусгасан гэж Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

Төсөлтэй холбогдуулан гишүүд мөн байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингэснээр уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлаггүй хэмээн үзэж хууль санаачлагчид буцаасан юм.

 


Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй