
Манай улс 1949 оны Женевийн конвенц, 1977 оны Нэмэлт протоколуудыг хүлээн зөвшөөрч, хүмүүнлэгийн чиглэлээр олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр иржээ. Өнөөдөр МУЗН 110 гаруй мянган гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэшсэн сайн дурынхан, 570 гаруй анхан шатны хороо, 33 Дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн Улаан загалмайчид, 15,000 гаруй залуучуудын Улаан загалмайчид, 3403 Онцгой гишүүд, Хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллага, 1084 хүндэт донор, 151 Нигүүлсэнгүй үйлстэн, 314 нигүүлсэнгүй үйлст манлай малчдыг эгнээндээ нэгтгэсэн Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болсон байна.
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2000 онд баталж, үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн ч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон аж. Тиймээс Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд өнөөдөр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Дэлхийн 189 оронд Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэг ажиллаж байгаа бөгөөд нийт 80 гаруй хувь нь төрдөө нэмэлт хүч болж, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг байна. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооноос МУЗН-ийн Эрх зүйн байдлыг сайжруулах, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг хуульд тодорхой заах, Үндэсний нийгэмлэгийн статусыг үндэсний хүмүүнлэгийн тусламжийн байгууллага байхаар өөрчлөх, төрийн болон орон нутгийн удирдлагын байгууллагаас МУЗН-тэй хэрхэн хамтран ажиллах арга хэлбэрийг хуульд тусгах санал, зөвлөмжийг өгч байгаа бөгөөд ингэснээр Улаан загалмай нийгэмлэг нь бусад ТББ-с ялгаатай, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх онцлог үүрэг, хариуцлагыг хуулиар хүлээсэн байгууллага болох юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хэлэлцэхийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.