Шууд Chart

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчилнэ

2015-10-07 16:09:20

Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байгаа юм. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дотоод, гадаадын байгууллагаас өгсөн үнэлгээ, зөвлөмжийн дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлэх зорилго тавин ажилласан. Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг тул халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг хуулийн төсөлд шинэчлэн тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгаар илүү тодорхой болгож өгсөн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Малын индексийн тухай гээд нэлээд олон хууль өмнө нь гарсан. Хууль олон болоод ирэхээр сөрөг үр дагавар гардаг. Иймээс одоо мөрдөж буй хуулиндаа нэмэлт оруулж, чамбайруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйн орон. Хотонд нь зээр ороод ирдэг, зээр, хонь, ямаан сүрэг нийлээд явдаг хагас зэрлэг мал аж ахуйг дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэхгүй. Монгол малын эрүүл мэндийн асуудлыг ярих гэж байгаа бол монгол аж ахуйдаа тохирсон, монголын хөрсөнд буусан малын эрүүл мэндийн системийн тухай ярих хэрэгтэй. Малаас хүнд халдварладаг маш олон тооны өвчин байгаа. Эцсийн дүндээ эрүүл монгол хүний асуудлын тухай яригдах ёстой. Хувийн хэвшил дээр тулгуурласан анхан шатны мал эмнэлгүүдийг хүчтэй болгох хэрэгтэй. Хуучин системийн үед мал эмнэлгүүдийн бааз суурь төрд түшиглэж, төр санхүүжүүлж явж ирсэн. Иймд хуучны системээс сайн зүйлийг нь буцааж авах чиглэл барих, Дэлхийн эрүүл мэндийн тавьсан стандартаас авах зүйлийг нь авсан шиг авах хэрэгтэй. Ингэхдээ нүүдлийн мал аж ахуйн хагас зэрлэг орон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Су.Батболд, 2007 онд батлагдсан Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийг шинэчлэхээр 10-аад жилийн дараа оруулж ирж байна. Энэ бол олон улсын экспертүүд, үндэсний судлаачдын саналыг авч нэлээд олон жил боловсруулж хэд хэдэн Засгийн газар дамжиж оруулж ирж байгаа хуулийн төсөл. Гишүүдийн гаргаж байгаа санал, шүүмжлэлийг ажлын хэсэг хүлээж авах хэрэгтэй. Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76.8 хувийн саналаар дэмжлээ.


 


Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчилнэ  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй