Шууд Chart

Уралын их сургуулийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна

2015-10-09 10:26:47

Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн төлөөлөгчид энэ сарын 6-12-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.

Уралын Холбооны Их Сургууль нь Монгол Улсын ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Барилга Архитектурын сургууль, Механик тээврийн сургууль болон Гадаад хэлний институттэй хамтран ажилладаг. Энэ хүрээнд баклаврын түвшинд оюутан солилцох, багшлах бүрэлдэхүүний хамтын ажиллагааг дэмжих, ном сурах бичиг, сургалтын материалуудыг солилцох, сургалт судалгааны үндсэн чиглэлүүдээр хамтарсан хурал, семинар, симпозиум, үзэсгэлэн зохион байгуулах, оюутнуудын зуны сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг талаар УИХ-ын даргад танилцуулав. Мөн хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх зорилгоор Дархан, Эрдэнэт хотод уул уурхайн инженер, техникийн мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуустай уулзсан гэв.

УИХ-ын дарга З.Энхболд, ашигт малтмалын баялаг нөөцтэй Монгол Улсын хувьд уул уурхай, эрчим хүчний инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага байгаа талаар онцолж байв. Мөн "Сүүлийн жилүүдэд ОХУ-д суралцах оюутан залуусын тоо тодорхой шалтгаануудын улмаас буурч байгаа. Би Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай энэ талаар ярилцаж, ОХУ-д суралцаж буй оюутнуудыг дэмжих, тоог нэмэгдүүлэх үүднээс  сар тутмын стипендыг нэмүүлэх талаар санал солилцсон" гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль, Монгол Улсын ШУТИС хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо өргөн байгааг хэлж байсан юм. Тухайлбал, металлург, эрчим хүчний салбарт Турбины байгууламж технологийн хөтөлбөр, нарийн мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж болно. Уралын Холбооны Их Сургууль нь Уралын Турбины үйлдвэртэй нягт хамтран ажилладаг. Харин тус үйлдвэр, Монголын “ТЭЦ-4” дулааны цахилгаан станц хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсын ШУТИС “ТЭЦ-4” дулааны цахилгаан станцтай мөн сургалт, судалгаа, оюутнуудын дадлага ажлын хүрээнд нягт хамтран ажилладаг болохоор энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо байгааг УИХ-ын дарга хэллээ.

 


Уралын их сургуулийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй