Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2015-10-10 15:57:16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр /2015.10.10/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мод тарих үндэсний өдөрт оролцож, мод тарих үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд анх зарлиг гаргаж нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргаснаар энэ жил 12 дахь арга хэмжээ тохиож байна. Улсын Их Хурлын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Шинэ төгөл” байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Цаашид энэ төгөлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалахад анхаарах нь зүйтэй юм. "Бүх нийтээр мод тарих өдөр-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Нэг сая мод ургуулах хөдөлгөөн болгон улс орон даяар өрнүүлж, 4 зорилт тавин ажилласан. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна. Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна.Ард иргэдийн ая таатай амьдрах нөхцлийг хангахын тулд хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажилд та бидний идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал.

Улсын Их Хурал Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ойд гарч байгаа зөрчлийг илрүүлсэн, мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг урамшуулах зохицуулалтыг хийсэн. Ингэснээр хууль бусаар мод бэлтгэх, ашиглах асуудлыг тодорхой хэмжээгээр таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна. Мөн “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг хаврын чуулганаар баталж ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар урт хугацааны бодлогын баримт бичигтэй болсныг онцлон тэмдэглэж байна гэлээ. Тэрээр мөн Байгаль орчин хамгаалах чиглэлийн олон Төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагууд ярихаасаа илүүтэйгээр ихийг хийж, Мод тарих үндэсний өдрүүдээр олон нийтийг уриалж мод тарих ажилд идэвхтэй оролцуулах хэрэгтэй байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ удаа үрэл жимсний мод тарьсан юм.

Энэ жилийн 05 дугаар сарын 09-ны өдөр буюу Мод тарих үндэсний өдрөөр Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан төгөл байгуулсан билээ. Энэхү төгөлийн мод хэрхэн ургаж байгаатай Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхиий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар танилцсан юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ намрын мод тарих арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл энэ үеэр байгаль орчноо хайрлан, хамгаалах нь зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн хийх ажил биш. Хүүхдийг багаас нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй гэлээ.

Мөн энэ үеэр өнгөрсөн жил мод тарьсан 200 гаруй байгууллага хамт олон, хувь хүмүүс тарьсан модны ойр орчмыг цэвэрлэж, цэнэг усалгааг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Түүнчлэн энэ жил БОНХАЖЯ-аас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” санаачлан өрнүүлж байгаа юм.


УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй