Шууд Chart

Хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2015-10-16 14:42:06

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.16. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цаг 27 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхлэв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд албан ажлаар БНХАУ-ыг зорьсон тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж даргалсан юм.

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 660.7 тэрбум төгрөгөөр тасарч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр байгаа тул төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулж дахин тооцож төсөвт тусгах зорилгоор эдгээр хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 11 хууль, Улсын Их Хурлын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын 13 гишүүн оролцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл нарын тавьсан асуулт, тодруулгад Монгол Улсын Ерөнхий сайд болон Сангийн сайд, Уул уурхайн сайд хариулт өгсөн юм. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын А.Бакей, С.Дэмбэрэл, Н.Алтанхуяг нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар үг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан. Тэрбээр, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ гэж үзэхэд хэлэлцүүлгийн явцад зарим нэг эргэж харах асуудлууд гарч магадгүй. Иймээс хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлнэ гэдгийг “батлана” гэж битгий ойлгоорой. Заримыг нь дэмжих л байх. Үүнийгээ ойлголцож цааш явах нь зүйтэй гэсэн юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа 2015 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 57.4 хувийн саналаар дэмжив. Ингэснээр хууль, тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.


Хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй