Шууд Chart

Төсвийн хуулиудын төслийг хэлэлцэхээр боллоо

2015-10-16 14:45:51

-2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов-

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.16. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, А.Тлейхан, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Л.Болд, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Б.Болор нар хариулт өглөө.

Гишүүдийн зүгээс цалин багасгах асуудлыг ярихаасаа илүүтэй хэрэггүй зардлаа багасгах шаардлагатай. Өмнө нь байсан түвшинг бууруулахгүй байхад анхаарч, төсвийг эрүүлжүүлэх бодлогыг барих хэрэгтэй. Төсөв үр нөлөөтэй, үр ашигтай, зөв зарцуулагдах ёстой гэдэгт өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн тайлбартаа, сэтгэлгүй ч юмуу эсвэл мөнгөтэй байж мөнгө нэмэхгүй байгаа зүйл байхгүй. Асуудлыг бодит байдлаар оруулж ирж байгаа. Гурван талт хэлэлцээрийн дагуу 90 тэрбум төгрөгөөр цалин нэмээд явах юм бол 2016 оны төсөв дээр дахиад 260 тэрбум төгрөгийн цалингийн шинэ эх үүсвэр бодож олохоос өөр аргагүй болно. Иймд бодит байдалд тулгуурлаж ярих ёстой . Энэ бол нэг хэсэг нь цалин нэмнэ, нөгөө хэсэг нь нэмэхгүй гэсэн маргааны тухай асуудал биш. Энэ асуудлыг гурван талт хэлэлцээр дээр олон дахин ярьсан, ойлголцсон. Иймд бодит байдлыг ярилцаад танай, манай гэхгүй нэг талд нь гарч нэгдсэн байр сууриа нийгэмд өгөх ёстой. Энэ жилийн хувьд байдал үнэхээр хүнд байна.Тэвчиж болох өөр ямар зардал байна түүнийг ярих юм бол хүлээж авья, дэмжье гэж байгаа гэлээ.

Мөн Сангийн сайд Б.Болор, төсвийг эрүүл болгоё, орлогоо бодитой төлөвлөе, алдагдалгүй болгоё гэсэн боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд орж ирж байгаа төсвийг хэлэлцэх явцад эерэг тал руу явуулахад дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар үг хэллээ.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 73.1 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.


Төсвийн хуулиудын төслийг хэлэлцэхээр боллоо  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй