
“Төрийн ордны нээлттэй сонсголын танхим”-д Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймаг холбогдон өнөөдөр дүрст хурлыг зохион байгууллаа. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн, эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд эдгээр сургалтын ач холбогдол, үр дүнтэй танилцахаар дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.
Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах, төр, иргэний итгэлцэл болон хамтын ажиллагаа сайжирсан, төлөөлөгчдийн бодлого боловсруулах оролцоо дээшилсэн зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэдгийг илэрхийлж байв. Мөн сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.
Нэмж мэдээлэхэд, энэхүү дүрст хурлын системийг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаан нь цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэсэн хурал болж байгааг төлөөлөгчид онцолж байлаа.
Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймагт дүрст хурал хийлээ | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.