
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийллээ. 2015 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдаан, Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын анхны хурал зэрэг онцлох олон үйл явдал болсон. Монгол Улсын Гадаад хэргийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт энэ оны 9 дүгээр сард зохиогдсон. Түүнчлэн Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр амжилттай зохион байгуулсан болохыг дурдаад цаашид гурван талт уулзалтыг тогтмолжуулахын чухлыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн юм.
Элчин сайд Женифер З.Гаалт, Монгол Улсад ирээд гурван долоо хоног ажиллахдаа эрхэм УИХ-ын дарга тантай хоёр удаа уулзаж байна гээд цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрээр Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг зэрэг олон салбарт амжилтай хөгжиж байгааг дурдаад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэлээ.
Уулзалтын үеэр талууд Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээ болон цаг үеийн асуудлаар харилцан ярилцаж, Монгол Улс Америкийн Нэгдсэн улстай харилцах харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх сонирхолтой байгааг УИХ-ын дарга тэмдэглэн хэллээ.
УИХ-ын дарга АНУ-ын элчин сайдтай уулзав | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.