Шууд Chart

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив

2015-10-20 16:48:42

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болох юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлага үүсэх юм байна.


Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй