
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Болор, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ удаагийн төсвийн тодотголд оны эцэс хүртэлх хугацааны төсвийн орлого, зарлагыг хэр тооцсоныг тодруулсан. Харин Сангийн сайд Б.Болор 2015 оны төсвийн тухай хуулийг 2014 онд батлахдаа нэлээд өөдрөгөөр тооцсон. Харин 2015 оны эхэнд төсөвт тодотгол хийхэд төсвийн орлогыг 900 тэрбумаар бууруулах санал оруулж ирсэн боловч УИХ-аар хэлэлцэх явцад 500 тэрбум байхаар батлагдсан. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл бий болсон. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд орчим төгрөгөөр тасрахаар байгаа учраас 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгасан. Тодотголоор төсвийн орлого, зарлагын тооцоог бодитой тусгасан, хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ.
Мөн Гадаад хэргийн яамны тухайд цалин хөлстэй холбоотойгоор төсвийн тодорхой хэмжээний дутагдал байгаа гэсэн, үүнийг хэрхэн шийдэж буйг тодруулахад тус яамны тухайд валютын ханшийн зөрүүгээс үүдэлтэйгээр тодорхой хүндрэл гарч байсныг тухай бүрт нь зохих ёсоор шийдэж ирсэн. Энэ оны хувьд гадаад оронд суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын цалин, бусад төлбөртэй холбогдсон валютын ханшийн зөрүүд 7.9 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар төсвийн тодотголд суулгасан гэдгийг хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын даатгалын үйлчилгээтэй холбогдсон зардал багагүй өссөн, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг бууруулж тооцсоны учир шалтгааныг ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулсан юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Валютын ханшийн зөрүүгээс болж Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалин, даатгалын үйлчилгээ, төлбөр, байрны түрээс, томилолтын зардал зэрэг нь нэмэгдэж байгаа. Даатгалын үйлчилгээний зардлын тухайд гадаад оронд суугаа 350 орчим дипломат ажилтнууд тухайн суугаа орныхоо эрүүл мэндийн даатгалд хамрагддаг, Дипломат төлөөлөгчийн 7 газрын ажиллагсад даатгалд хамрагдаагүй байсныг нэмж тусгасан” гэсэн хариулт өгөв. Харин Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Ганбат “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогоос цэргийн албан хаагчдын хувцас, сургалтын зардал гэж 5 тэрбум төгрөг хасагдсан” гэсэн хариулт өгсөн.
Ингээд 2015 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Зэвсэгт хүчнийн хөгжлийн сангаас таван тэрбум төгрөг хасахаар оруулж ирснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив. Тэрээр зэвсэгт хүчний албан хаагчдын хувцас, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэгтэй, үүнийг аль нэг санд даатгаж болохгүй. Иймээс энэ нь хуулийн зөрчилтэй учраас зарчмын зөрүүтэй санал гаргаж буй үндэслэлээ тайлбарласан юм. Үүгээр 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон сангуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Валютын ханшийн зөрүүгээс болж дипломат ажилтнуудын цалин нэмэгдсэн гэв | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.