
Манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг УИХ-аас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.
Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.
Уг Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Дэмбэрэл нар Гадаад хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.