
Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал өнгөрөгч 2013 онд тавьсан байдаг. ОХУ-ын ЭСЯ-ны 2013 оны гуравдугаар сард ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн байна.
Энэ дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн бариад байсан Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан.
Тэрбээр, манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд Оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн юм.
Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан болно.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.
Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтэд дээрх протоколыг Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Ж.Энхбаяр нарын гишүүд асуулт асууж, тодруулга хийв.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа.
"Монголросцветмет"-ийн саналыг хүлээж авлаа | ||
Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.