Шууд Chart

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын даргад бараалхав

2015-10-22 16:39:01

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийж байгаа. Энэ хүрээнд дөнгөж сая Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхав. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэлэхдээ, УИХ-ын дарга та болон УИХ-ын гишүүд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурал нь Япон-Монголын Эдийн засгийн хэлэлцээрийг хурдан хугацаанд соёрхон баталсан нь манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. УИХ-ын дарга З.Энхболд таны энэ жил Япон Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг онцлох нь зүйтэй гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ тантай дахин уулзаж буйд баяртай байна. Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг билээ.

Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нар, парламентын гишүүд, Япон-Монголын парламентын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь 3 жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурж, хоёр орны парламент соёрхон баталсанд сэтгэл хангалуун байна. Цаашид ЕРА-д түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, Эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх эрмэлзэлтэй байна гэсэн юм.


Японы Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын даргад бараалхав  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй