Шууд Chart

Дүрвэгч тамирчид олимпийн наадамд хүч үзнэ

2015-10-28 16:35:23

Чадвар туршлагаараа тэнцсэн дүрвэгчийн статустай тамирчдад Бразилын Рио де Жанейро хотноо зохион байгуулагдах 2016 оны зуны олимпод оролцох эрх олгохоор болжээ. Энэ тухай Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн байна.

Өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөнд оролцогчид ирэх оны олимп, паралимпийн наадмын үеэр гал зогсоохыг уриалсан тогтоол батлах үеэр Бах энэ тухай олон улсад зарласан байна. Эх орон, үндэсний олимпийн хороогоо төлөөлөн оролцох боломжгүй болсон олон дүрвэгч тамирчин олимпийн наадамд оролцох боломжгүй байсаар өнөөг хүрсэн.

Харин ирэх олимпоос эхлэн Олон улсын Олимпийн хороо энэ боломжийг дүрвэгч тамирчдад олгохоор шийдлээ хэмээн тэрбээр зарласан байна. Энэ шийдвэрийн дагуу төлөөлөн оролцох улс оронгүй дүрвэгчийн статустай тамирчид олимпийн наадмын далбаан дор ирэх оны зуны олимпод оролцохоор болж байна. Дүрвэгч тамирчдыг олон орны бусад тамирчдын хамт Олимпийн хотхонд байрлуулж, медальт байрт орж, шагналын тавцанд гарсан тохиолдолд Олимпийн наадмын сүлд дууг эгшиглүүлэх юм байна.

Олон улсын Олимпийн хороо дүрвэгчийн статустай байгаа өндөр зэрэглэлийн тамирчдыг олж авах, улмаар ирэх оны олимпод оролцуулах ажилд тусламж дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий Ассамблейд чуулсан олон улсын элч төлөөлөгчдөөс хүслээ. Дүрвэгч тамирчдыг олимпийн наадамд оролцуулах нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа дүрвэгч, цагаачдад итгэл найдвар төрүүлж, олон улсад цагаачдын хямралын талаар өргөн ойлголт мэдлэг өгөхөд нааштай алхам болно гэж Олон улсын Олимпийн хорооныхон үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүрвэгч тамирчид олимпийн наадамд хүч үзнэ  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй