Шууд Chart

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2015-10-29 13:36:12

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн.

Төсвийн орлого бууруулах чиглэлээр нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51.1 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь нь дэмжив. Харин урсгал зардлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох /бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан холбоо, интернетийн төлбөр, ном, хэвлэл, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн зүйлс, нормын хувцас, зөөлөн эдлэл, багаж, техник хэрэгсэл, тавилга, хөдөлмөр хамгааллын хэрэглэл, урсгал засвар, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, аудит, баталгаажуулалт, зэрэглэл тогтоох, даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, тээврийн хэрэгслийн оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, бараа үйлчилгээний бусад зардал, бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал/ урсгал зардлыг дахин 15-20 хувь бууруулах замаар нийт 8.089.8 сая төгрөгийг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь нь дэмжлээ. Мөн урсгал зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн өндөр албан тушаалтантай адилтгах төрийн албан тушаалтны зэрэг, зиндаанд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6.1.14, 6.1.15-д заасан улс төрийн албан хаагчид болон сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, баг, хорооны Засаг даргын цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан төсөвт 1.599.3 сая төгрөгийг нэмж тусгахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 81.7 хувь нь дэмжив.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан хасагдсан цалингийн зардлыг төсөвт нэмж тусгах санал гаргасан нь гишүүдийн 73.3 хувийн дэмжлэг авсан юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багц дахь Улсын драмын эрдмийн театрын урсгал зардалд шаардагдаж буй 100.0 сая төгрөгийг нэмж тусгах санал дэмжигдлээ.

Мөн хөрөнгийн зардлыг бууруулах, дотор нь зохицуулалт хийх, түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацааг өөрчлөхтэй холбогдсон саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооноос эдгээр хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 


Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй