Шууд Chart

"Төрийн албаны эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг боллоо

2015-10-30 14:47:15

Хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Монгол Улсын Төрийн албаны хөгжил, шинэтгэлийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт илтгэл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Төрийн захиргааны байгууллагын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт  илтгэлийг тавьлаа. Илтгэлтэй холбогдуулан оролцогчид хуулийн төсөлд тусгагдсан болон тусгуулах саналуудын талаар үг хэлж, илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү "Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, онцлог”-ийн талаар илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ Төрийн албаны хөгжлийн 5 дахь үе шатыг эхлүүлэхэд өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн шинэтгэл чухал алхам болно гэж үзэж байна. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байх нь улс орны  төр, нийгэм, эдийн  засгийн бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж хөгжлийг түргэсгэхэд хамгийн том хөдөлгөгч хүч нь бас, тогтвортой хөгжлийн үндэс суурь нь болдог юм. Ийм учраас бид төрийн албаа цомхон, чадварлаг байдлаар зохион байгуулж, өөрчлөгдөн шинэчлэгдэн хөгжиж буй дэлхийн ертөнцийн хөгжил дэвшилтэй өрсөлдөн хөгжих бодлого тодорхойлон, хэрэгжүүлдэг, шударга, ёс зүйтэй, хүчирхэг төрийн албыг бүрдүүлэхэд эрхэм зорилгоо чиглүүлэх учиртай гэлээ. Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан гол гол өөрчлөлтүүдийг танилцуулав. Тухайлбал төрийн албанд мерит буюу чадахуйн зарчим хэрэгжих боломж бүрдэнэ. Үүний тулд тэргүүн болон туслах түшмэлийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах, дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд шатлан дэвшүүлэх,  нарийн мэргэжил шаардсан албан тушаалд сонгон тогтоох аргаар сул орон тоог нөхөх  4 хэлбэрийг хуулийн төсөлд тусгасан. Төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд шатлан дэвших буюу карьерийн зарчмаар албан тушаал дэвшин ажиллах нөхцөл бий болно. Энэ зохицуулалт хийгдсэнээр төрийн албан хаагч  албан тушаалд дэвшихийн тулд тодорхой албан тушаалд 5-аас доошгүй жил, төрийн жинхэнэ албан тушаалын 4 ангилалд нийтдээ 20 жил ажиллаж дээд шатны албан тушаалд томилогдох боломжтой байхаар, түүнчлэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, чадварыг нь харгалзан үзэж хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан нь мэргэшсэн, чадварлаг, тогтвортой төрийн албыг бүрдүүлэхэд чухал дэвшил болох юм.  Мөн Улс төрөөс ангид төрийн албыг бүрдүүлнэ. Иргэн төрийн үйлчилгээний албанд орох, албан тушаал эрхлэх хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнээс түдгэлзэх, төрийн жинхэнэ албанд орохдоо гишүүнчлэлгүй  байх, түүнчлэн төрийн албан хаагч улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан зэрэг өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.

 


"Төрийн албаны эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй