Шууд Chart

“Хөдөөгийн хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийг олгоно

2015-11-10 15:07:04

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас авах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан. Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн эхний шатанд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, хоршоодыг дэмжих хөрөнгө оруулалт хийх, чадавхжуулах ажлыг Засгийн газраас сонгосон зургаан аймгийн 38 суманд хэрэгжүүлж, 1.46 сая ам.доллар бүхий 176 тэтгэлгийг 104 хоршоонд олгож, 23 төрлийн сургалтад 4300 гаруй хүнийг хамруулжээ. Мөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ноос, ноолуур, махны салбарын тус бүр 2, арьс шир, сүүний салбарын 3 зэрэг нийт 12 аж ахуйн нэгжид жилийн 8-11.4 хувийн хүүтэй, 7 хүртэлх жилийн хугацаатай, үүнээс 3 хүртэлх жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, нийтдээ 22.3 сая ам.доллар буюу 29 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудтай хамтран олгосон байна. Уг төсөлд хамрагдсан компаниуд нийтдээ 1854 ажлын байр бий болгосны зэрэгцээ ашиг орлого, улсад төлөх татвар, шимтгэл нь нэмэгджээ.

Төслийн хоёр дахь шатанд эхний шатанд хэрэгжүүлсэн ажлыг улам өргөжүүлж оролцогч компанийн тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаруй жил шинэчлэгдээгүй техник, технологи, тоног төхөөрөмжийг орчин үеийн төхөөрөмжөөр шинэчлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулж, үндэсний брэндийг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад чиглүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хоёр дахь шатны нэмэлт санхүүжилт нь нийтдээ 50 сая ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд зарцуулагдах аж. Тухайлбал, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор нийтдээ 41,3 сая ам.долларыг жилийн 6-8 орчим хувийн хүүтэй, 7 жил хүртэл хугацаатай, эхний 3 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан арьс шир, ноос ноолуур, мах, сүү, оёдол, зөгийн аж ахуй,эрчимжсэн аж ахуй, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн салбарын компаниудад зээлдүүлэх юм байна. 

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.5 хувь нь дэмжсэнээр хууль батлагдсан юм.


“Хөдөөгийн хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийг олгоно  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй