
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн төслийн тухай хэлэлцэж, 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж гарах үр дагаврын талаар санал бодлоо нэгтгэжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолтой гишүүн УИХ дотор олон биш байна. УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэхэд 50 орчим заалт хөндөгдөх нь. 50 орчим заалт хөндөгдөнө гэдэг нь Үндсэн хуулийг шинээр батлах асуудал үүснэ гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тиймээс энэ УИХ давчуу хугацаанд яаран өөрчилж болохгүй. Бие даагчид, АН-ын бүлгийн олон гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг хүч түрэх хэлбэрээр явуулах нь зохисгүй. Энэ асуудал зөвшилцөл, ойлголцлоор явах ёстой" гэв. Мөн тэрбээр Сонгуулийн хуульд нийгмийн захиалгаар, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлыг тусгаж, сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө парламентад суудалтай намууд анхаарч ажиллах ёстойг онцлов. Одоогийн байдлаар УИХ-д сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад байна. Эхнийх нь улстөрийн 22 намын саналыг тусгаж парламентад суудалтай гурван намын төлөөлөл өргөн барьсан хуулийн төсөл юм. Удаах нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл бөгөөд ажлын хэсгийн 15 гишүүний найм нь энэ төслийг дэмжихээс татгалзжээ. Түүнчлэн бүх шатны сонгуулийг зохион байгуулдаг СЕХ энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж саналаа өгсөн байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Р.Бурмаа нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй болохыг ч бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Эрх барьж байгаа намууд нь сонгуулийн хууль дээр саналаа нэгтгэж чадахгүй, гурван тусдаа хуулийн төсөл барилаа. СЕХ ч УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг дэмжээгүй. Сонгуулийн хууль бол зөвшилцлийн үр дүнд батлагдах ёстой" гэж тайлбарлав.
Харин МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл С.Эрдэнийг эргэж бүлэгтээ мэдээлэл хийсэн. Энэхүү үйлдэл нь ажилгүйдэл нүүрлэж, үүнээс улбаатай ядуурал газар авч ард иргэд аргаа барсны илрэл боллоо. Засгийн эрх барьж буй АН хүч түрч аливаа асуудлыг шийдэх гэж оролддог болсон. Ийм дарангуйллын шинж Монголын төрд нүүрлэж эхэлсэн. Төр засаг дүлий байна. Төр дүлий болсноор ард иргэдээ сонсохоо байсан. Түмэн олныхоо тулгамдаж байгаа асуудлыг шийдэх арга зам, гарцаасаа холдлоо. Энэ асуудалтай холбогдуулан зөвхөн компанийн захиралтай нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Ийм байдалд хүргэсэн төр засгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой" гэсэн юм.
МАН: Үндсэн хуулийн 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.