Шууд Chart

Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдав

2015-11-18 09:58:48

Өршөөл  үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Татварын Ерөнхий газраас Өршөөлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар  тус комиссоос тодруулга хүссэн байна. Тус тодруулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн уялдуулах талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, эдгээр хуулийг хэрэгжүүлэх явцад ялангуяа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Татварын байгууллага, цагдаагийн байгууллага тэргүүтэй холбогдох төрийн байгууллагууд эрх сануулах үйл ажиллагааг хэр явуулж байгааг тодруулж, энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар саналаа хэллээ.

Хэлэлцүүлгийн явцад Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан дээрх хуулиудын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл өгч, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд олон татвар төлөгч хамрагдах хүсэлтэй байгаагааг тоо баримтаас харж болно гэв. Нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь өнөөдрийн байдлаар татварын холбогдолтой зөрчилтэй байгаа. Энэ нь эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр шийдэх боломж бий гэв.

Ийнхүү комисс өнөөдрийн хуралдаанаараа Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарах бол татвар, төлбөр, хураамж зэрэг үндсэн төлбөр нь чөлөөлөгдөхгүй байхаар тогтлоо. Түүнчлэн захиргааны зөрчлийг шийдвэрлэхдээ хууль хэрэглэх эрх бүхий субьектүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, харин шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ тооцсон тохиолдолд шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх санал гаргасныг комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.


Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдав  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй