
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Бурмаа, Су.Батболд, О.Баасанхүү нарын гишүүд тус тусдаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт сонгуулийн тогтолцоо, процесстой холбоотой гурван хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүд асуулт, санал гаргахгүйгээр зөвхөн төсөл санаачлагчдын илтгэлийг сонсоод байнгын хорооноос ажлын хэсэг гарган нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй юм. Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах үүднээс тодорхой асуудлыг зохицуулахаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг тусад нь хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Хуулийн төсөл санаачлагчид нь ч гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул эхлээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Х.Тэмүүжин гишүүн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлүийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж зохицуулсан байна. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм. Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна. Иймээс дээр дурдсан нөхцөл шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр тусгаснаа танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Харин байнгын хорооны гишүүдийн олонх нь сонгуультай холбоотой бусад гурван хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг заавал сонсох шаардлагагүй, эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Иймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын нэр бүхий найман гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, харин УИХ-ын гишүүн Су.Батболд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92.9 хувь нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын найман гишүүний санаачилсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Сонгуулийн тухай 4 хуулийн төслийг нэгтгэн хэлэлцлээ | ||
Үзсэн: 315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.