Шууд Chart

Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөлд эхлээд УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэх ёстой гэв

2015-11-18 10:48:37

УИХ-д Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг мөн УИХ-д өргөн бариад байгаа. Учир нь хууль санаачлагч гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхлээд ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж үзсэн юм.

Үүний дагуу өчигдөр үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Мөн уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан гэдгийг дурдав.

Уг хуулийн төсөл нь таван зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах, санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах, санал авах ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан зарим гишүүд саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Дараа нь мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүний өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заасныг баримтлан Монгол Улсын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн ард нийтийн санал асуулгын асуулт, хариултын томьёоллыг тогтоолын төслийн хавсралтад заасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Харин  УИХ-ын гишүүн С.Баярцогт ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг дэгийн хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зохицуулалттай. Түүнчлэн энэ асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь заалт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн талаар гишүүдийн хооронд ойлголтын зөрүү нэлээд байна. Иймээс тогтоолын төслийн хэлэлцүүлгийг нээлттэй үлдээгээд, энэ хугацаанд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд зөвшилцөх боломж олгох, түүнчлэн гишүүд нэгдсэн ойлголттой болох шаардлагатай байгаа тул Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө баталсны дараа Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Төсөл санаачлагч гишүүн ч горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

 

 

 


Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөлд эхлээд УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэх ёстой гэв  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй