
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас өнгөрөгч зургаадугаар сард баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр дүгнэлт гаргажээ. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаараа үзсэн байна. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурджээ.
Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтээрээ, УИХ-аас зургаадугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна хэмээн үзэж дээрх заалтуудыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Цэцийн шийдвэрийг хүлээн авч, алдаагаа засах хэрэгтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх үеэр танилцуулах баримтуудаа цуглуулан, үндэслэлээ сайн боловсруулах хэрэгтэй гээд Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг харуулж байна гэж хэлсэн.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үеэр тус цэцийн гишүүд үндэслэл, тайлбар сонсохгүй, шинжлэх ухааны яриа, судалгааны тоо баримтыг авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан хэмээсэн. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Шүүх байгуулах тухай хуулийн дээр дурдсан заалт тус бүрээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.