
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Нийслэлээс 600 км-ээс хол алслагдсан /Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай Увс, Ховд/ аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, гурваас доошгүй ажлын байр бий болгосон /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлж, гурван жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Л.Болд, Д.Ганбат, Я.Содбаатар, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Дашдорж, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол нар санаачлан боловсруулсан болохыг УИХ-ын даргад танилцууллаа.
Үүнд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогыг дээрх хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусгасан байна.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх найман аймгийн хувьд 2.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжсэнээр орон нутаг дахь бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг дэмжих, өнөөгийн нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулна гэв | ||
Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.