
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү нар танилцуулав.
Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/ нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд анх 1865 онд “Олон улсын телеграфын хороо” нэртэйгээр байгуулагджээ. Тус холбооны төв нь Женев хотноо, Ази, Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Бангкок хотод байрладаг аж. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 192 орон гишүүнээр элсээд байгаа агаад манай улс 1964 онд гишүүн орноор элсчээ.
ОУЦХБ-ын эрх барих дээд удирдах байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал юм. “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенци”-ийг Монгол Улсын Их Хурал 1994 онд соёрхон баталсан бөгөөд 1998 онд АНУ-ын Минеаполис хотноо хуралдсан Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурал 2003 оны 4 дүгээр сард соёрхон баталжээ. Харин 2010 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм болон конвенцид нэмэлт өөрчлөлт оруулсан тул Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу уг нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэхэд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.
Хуулийн төслийг соёрхон батлав | ||
Үзсэн: 282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.