Шууд Chart

Ялтан шилжүүлэх Европын конвенцид нэгдэн орно

2015-11-20 16:04:15

Өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монгол иргэд олноор зорчдог зарим улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд анхаарч, одоогоор 7 улстай ийм гэрээ байгуулаад байгаа аж. Мөн манай улс Ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэж орсон орнуудын нэг юм.

Харин Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Япон зэрэг улсууд багтдаг аж. Иймд уг конвенцид нэгдэн орсон улс тус бүртэй ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахын оронд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэж орсноор эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Энэ хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслийг соёрхон батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.5 хувь нь дэмжлээ.

 


Ялтан шилжүүлэх Европын конвенцид нэгдэн орно  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй