
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэгдсэн батлагдсантай холбоотойгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь нэмэлт, өөрчлөлт оруулаагүй нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр уг хуулийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Улсын Их Хурлын 2012 оны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс автоматжуулсан системээр зохион байгуулан явуулсан. Иймд тэдгээртэй уялдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг дурдав.
Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах; санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах; санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг тусгажээ. Түүнчлэн санал өгөх, санал тоолох, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон зарим зохицуулалт хийхээр тусгасан байна.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Н.Энхболд, Н.Батцэрэг, Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч Н.Батбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиудын шинэтгэлтэй нийцүүлэн уг хуульд техникийн шинж чанартай зарим зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа, тэгж байж энэ хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг онцлов. Тухайлбал, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 15 дугаар зүйлд "Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж санал авах өдрөөс 20 хоногийн өмнө санал авах хэсгийн хороонд өгнө" гэж заасан нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлтэй нийцэхгүй байна. Учир нь сонгогчдын нэрсийн жагсаалтын талаарх уг заалт нь шинэчлэгдэн батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд тусгагдсан байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Нутаг дэвсгэрийн хороод санал асуулгыг бэлтгэн явуулах ажлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулна" гэсэн нь мөн одоогийн хуультай нийцэхгүй байгаа юм. Учир нь одоо мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалтын талаар заасан байна. Тиймээс энэ хуулиа өөрчлөх замаар улс орны нийтлэг амин чухал асуудлыг ард түмнээсээ асууж, ард түмнийхээ санал асуулгаар шийддэг байх нь зүйтэй гэж үзэж буйгаа онцлов. Харин хуулийн төсөл дэх цаг хугацааны талаарх заалтыг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөх боломжтой гэдгийг хэллээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Цог, Д.Ганхуяг нар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Нямдорж нар дэмжихгүй байгаагаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив | ||
Үзсэн: 387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.