Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ойн арга хэмжээний нээлтэд оролцов

2015-11-20 16:47:11

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн “Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцлоо.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 55 жилийн ойн баярын мэнд хүргээд “Хоёр жилийн өмнө Монгол Улсын Их сургуулийн удирдлагууд Хууль зүйн сургуулиа Бяраагийн Чимидийн нэрэмжит болгох хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг өчигдөр шийдэж, Засгийн газрын тогтоол гарснаар Хууль зүйн сургууль Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит болж байна. Улсын Их Хуралд тус сургуулийн төгсөгчид олон бий, тэднийг төлөөлөн өнөөдөр ирлээ. Өнөөгийн манай нийгэмд хууль эрх зүй хамгийн их эрэлттэй мэргэжлийн нэг болжээ. Үүнийг Хууль зүйн сургуулийн элсэгч, төгсөгчдийн тоо харуулж байна. Гэвч, эрх зүйн боловсролын хүртээмж, чанарыг улам сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа” гээд тус сургуулийн хамт олонд баяр хүргэж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсэв.

Засгийн газрын өчигдөр тогтоол гаргаж Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр тус тогтоолын хуулбарыг хүндэт өргөмжлөлийн хамт гардуулж, УИХ-ын Тамгын газраас бэлтгэдэг ном товхимлуудын дээжийг сургуулийн номын санд бэлэглэсэн юм.

 


УИХ-ын дарга З.Энхболд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ойн арга хэмжээний нээлтэд оролцов  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй