
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай дарга Янь Зюньчи “Улсын Их Хурлын дарга таны 2014 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал маш амжилттай болж, энэ үеэр “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. БНХАУ, Монгол Улс хөрш орнууд төдийгүй эдийн засгийн хувьд түнш учраас улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагтай хэмээн үздэг. Парламентын солилцоо, хамтын ажиллагааг явуулах нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна” гэлээ. Түүнчлэн хоёр орны хөгжлийн талаар харилцан ярилцаж, стратегийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” хэрэгжиж, парламент хоорондын байнгын уулзалт болж байгаад баяртай байна гэв. Мөн БНХАУ хөрш орнуудтайгаа харилцахдаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, илүү хүртээмжтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас илүү ашиг тус хүртээх” бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их боломж, таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолсон.
Хоёр улсын парламент, улс төрийн намуудын төлөөлөгчдийн харилцан солилцоо хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж ирснийг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монголын улс төрийн намууд нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар өөр өөрийн бодлого дэвшүүлдэг хэдий ч гадаад бодлогын хүрээнд БНХАУ-тай найрсаг харилцаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг санал нэгтэй дэмждэг болохыг уулзалтын үеэр дарга тэмдэглэн хэлсэн юм.
Мөн энэ үеэр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа хоёр тал илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр эхлэх хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын анхны уулзалтад амжилт хүсэв.
УИХ-ын дарга БХАТИХ-ын Байнгын хорооны дэд даргыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 311 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.