Шууд Chart

Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчилнэ

2015-11-24 17:45:38

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Унгар Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо.

Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын ерөнхий танилцуулгыг Мал эмнэлгийн үржлийн газрын дарга М.Галбадрах танилцуулав. Өнөөгийн байдлаар тус үйлдвэрт Монгол орны мал сүрэгт гардаг гоц халдварт ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зориулалттай вакцин, оношлуур, ийлдэс гэсэн гол 3 ангилалын 60 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэж, улсын захиалгын дагуу орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байна. Жилд дунджаар 120000-130000 литр шингэн, 18.0-25.0 сая тун хатаасан бэлтдмэл үйлдвэрлэж 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгүүдэд өөрийн тээврийн хэрэгслээр түгээдэг. Үйлдвэрлэл явуулахад шаардагдах дулаан, уур, усны хэрэгцээг үйлдвэр өөрөөсөө хангадаг. Жилийн борлуулалтын орлого сүүлийн 5 жилийн байдлаар жилд 2.8-5.0 тэрбум төгрөг байна. Өнөөгийн Биокомбинат үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж нь одоогоос 40-өөд жилийн өмнөх үеийнх бөгөөд тэр үеийнхээс бага зэрэг өөрчлөлт оруулсан технологиудаар үйлдвэрлэлээ явуулж байна. Цаашид одоогийн статусыг хэвээр хадгалж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний үнийг чөлөөлөн зах зээлд өрсөлдөх боломжоор хангах, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх арга замуудыг эрэлхийх хэрэгтэй байна гэдгийг онцлов. Мөн тэрээр Биокомбинатыг шинэчлэх хөрөнгө оруулалтын чиглэлээр Вирусийн гаралтай биобэлдмэл үйлдвэрлэлийн барилга, байгууламж шинээр барьж, шаардагдах техник, тоног төхөөрөмжөөр тоноглох, Лабораторийн шинэ барилга барих, Байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, найдвартай ажиллагааг хангах шаардлагад нийцүүлэн инженерийн байгууламж, гадна шугам хоолойг шинэчлэх, Хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ц.Дашдорж, Б.Гарамгайбаатар, С.Батболд, С.Оюун нар асуулт асууж хариулт авсан. Гишүүдийн зүгээс Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газарт Бүгд Найрамдах Унгар Улсаас хийгдэх хөрөнгө оруулалтын асуудал яагаад удаашралтай байгаа болон тус улсын хувьд хөдөө аж ахуй, биобэлдмэлийн чиглэлээр техник, технологийн хувьд өнөөдөр ямар түвшинд байгааг судалж үзсэн эсэх талаар тодотгосон юм. Мөн сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тооцоо, судалгааг сайтар нягталж үзэхэд Хүнс хөдөө аж ахуйн яам, Сангийн яам онцгойлон анхаарах шаардлагатайг хэлэв. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг сонсч гурван чиглэлээр Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөх нь зүйтэй гэж тогтов. Байнгын хорооны дараагийн хуралдаанаар ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд болон Шадар сайдын мэдээллийг сонсох юм байна.

 


Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчилнэ  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй